ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-той иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-02-12 16:16:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д ХДХВ/ДОХ-той иргэдэд үйлчлэх тасгийн нээлт боллоо.

Энэхүү тасгийг байгуулахаар шинэчлэн засварлаж, тохижуулах ажлыг Глобаль сангийн 103 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр амжилттай хийжээ. Одоо үйлчлүүлэгчээ хүлээн авахад бэлэн болсон байна.



Тус тасагт ажиллах эмч Б.Оюунбилэг, "Өнөөдөр ХӨСҮТ-д ХДХВ, ДОХ-той 252 хүн албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Энэ хүмүүсээс хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүн нь эмчилгээ хийлгэх боломжтой болж байна. Одоогоор хэвтэх шаардлагатай 2 хүн бий. Тэд өөрсдөө цагаан сарын дараа хэвтэх санал тавиад байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ тасгийг 4 хүртлэх ортой байна гэж заасан байдаг. Энэ тасаг хоёр ортой, хоёр өрөөтэй. ХӨСҮТ-өөс 8 эмчийг 6 сар, 8 сувилагчийг 3 сар мэргэшүүлэн сургах юм. Одоогоор 4 эмч, 4 сувилагчийг энэ чиглэлээр мэргэшүүлж сургасан. Өнөөдөр ХДХВ, ДОХ-той өвчтөний тусламж үйлчилгээний тасаг 3 эмч, 5 сувилагчтай үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо" гэж ярьж байв.



Дашрамд дуулгахад, Манай улсад анх ХДХВ-ын халдвар оношлогдсоноос хойш 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 250 тохиолдол бүртгэгдсэн. Уг халдварын тархалт нийт хүн амын дунд 0,1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд 12 хувь /2014 оны судалгаа/ байгаа нь ДЭМБ-ын ангиллаар нийт хүн амын ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байна.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ