Жи-мобайлын сүлжээг өргөтгөснөөр малчид мэдээллийг шуурхай авдаг боллоо гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-22 18:14:01

Завхан/МОНЦАМЭ/. Завханд Жи-мобайлын сүлжээг өргөтгөх зорилгоор дахин дамжуулах станцыг тавьснаар малчдын холбоо харилцаа сайжирлаа. Үүрэн холбооны Жи-мобайлын сүлжээг өргөтгөх зорилт тавьж Завханы Идэр сумын Бөхөн шарын нуруу, Алдархаан сумын Алаг уул, Их-Уул сумын Гүнгийн оройд Жи-мобайлын дахин дамжуулах станц суурилуулжээ.
Алдархаан сумын Алаг уулын станц барихад Орон нутгийн хөгжлийн сангаас 65 сая төгрөг зарцуулсан бол Их-Уул сумын Гүнгийн орой дахь станцад ОНХС-аас 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,  гүйцэтгэгч компани нэг тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр  Алдархаан сумын Алаг уулын орой дээрх станцаас тойргийн бүсийн долоон сумын 10 гаруй багийн иргэд, малчдын холбоо харилцаа сайжирчээ. Жи-мобайлын сүлжээг өргөтгөснөөр 2G сүлжээний тархац өндөр болж, сүлжээ 60-85 км-т барьдаг болжээ.
Дашрамд өнгөрсөн онд Завхан аймгийн ОНХС-ийн хөрөнгө өмнөх жилүүдтэй харьцуулахад гурав дахин бага байсан хэдий ч иргэд рүүгээ чиглэсэн тодорхой, үр дүнтэй ажлуудыг хийсний нэг нь энэхүү харилцаа холбоог сайжруулах ажил байв. Малчид иргэдийн харилцаа холбоо сайжирснаар төрийн үйлчилгээг хурдтай авах, мэдээллээс хоцрохгүй байх гээд олон давуу тал иргэд малчдад хүрнэ. Энэ жил үргэлжлүүлэн үүрэн холбооны харилцаа холбоог сайжруулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж байгаа тухай Завханы ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ