Кувейт улс Тусгаар тогтносны 57, Чөлөөлөгдсөний 27 жилийн ойн баярыг тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-23 09:19:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кувейт улс Тусгаар тогтносны 57 жил, Чөлөөлөгдсөний 27 жилийн ойн баярыг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүллээ.

Баруун өмнөд Азид орших Кувейт улс нь 1961 онд Их Британийн ивээлээс гарч тусгаар тогтносон бөгөөд 1990 онд Иракт эзлэгдэн, нэг жилийн дараа буюу 1991 онд чөлөөлөгдөж байсан юм. Тус улсын энэхүү Тусгаар тогтносон болон Чөлөөлөгдсөний ойн баярыг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ удаад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, дипломат корпусын төлөөлөгчид зэрэг нэр хүндтэй зочдын хамт тэмдэглэлээ.    

Арга хэмжээг нээж Кувейт улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Яатийм Аль-Фадли үг хэлсэн юм. Тэрбээр нийт зочдод ойн баярын болон Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлээд "Өнгөрсөн 2017 он хоёр орны харилцааны салбарт баялаг жилийн нэг байлаа. 2017 оны 6 дугаар сард болсон Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнчлэлийн сонгуульд Монгол Улс биднийг дэмжин саналаа өгсөн нь хоёр талын харилцааны зохицол, уялдааны цар хүрээг харууллаа. Мөн хоёр орны эдийн засаг, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа үйл явдлаар арвин байж, өнгөрсөн 5 дугаар сард хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов. Түүнчлэн Кувейт улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилга Улаанбаатар хотноо баригдаж байгааг та бүхэн сайн мэднэ. Манай Элчин сайдын яамыг өнгөрсөн 12 дугаар сард Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 2017 оны шилдэг хүмүүнлэгийн байгууллагаар өргөмжилснийг миний бие дурьдахад таатай байна. Энэ бол хоёр орны хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсний тод жишээ билээ" хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мөн тус арга хэмжээнд зориулан үг хэлэхдээ "Кувейт улс Тусгаар тогтносны 57 жил, Чөлөөлөгдсөний 27 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Кувейт улсын Засгийн газар, ард түмэнд хүргэж байна. Кувейт улс үсрэнгүй хөгжиж, тус улсын нэр хүнд олон улсын түвшинд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэхэд таатай байна. Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанаар эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, хот байгуулалт, нийгмийн хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой. Кувейт улсаас Монголд олгож ирсэн тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олон салбарт томоохон хөрөнгө оруулалт болсон бөгөөд Баян-Өлгий аймагт болсон үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд зориулан 35 айлын орон сууц барьж, Сэлэнгэ аймгийн ЭМГ-т түргэн тусламжийн машин, зарим багаж хэрэгсэл зэргийг бэлэглэж байсан. Засгийн газар, ард түмний өгөөмөр тусламжид Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна" хэмээсэн юм. 

Арга хэмжээний үеэр Элчин сайд Халид Яатийм Аль-Фадлигаас хоёр орны харилцааны талаар зарим зүйлийг тодруулсан юм. 

-Монгол, Кувейт улсын 40 гаруй жилийн түүхтэй дипломат харилцааг та хэрхэн дүгнэдэг вэ? 
-Юун түрүүнд Кувейт улс Тусгаар тогтносны 57 жил, Чөлөөлөгдсөний 27 жилийн ойн баярын мэнд хүргэж байна. Кувейт улс 1961 онд тусгаар тогтсоноос хойш бидний хувьд маш нандин баяр болж тэмдэглэн ирсэн. 1990 онд Ирак улс Кувейт руу халдан довтлоход энэхүү түрэмгийллийг эхний өдрөөс нь буруушааж, эсэргүүцэж ирсэн Монгол Улсын байр суурийг би цохон тэмдэглэхийг хүсч байна. Хоёр орон 1975 онд Дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг гээд олон салбарт бидний харилцаа өндөр түвшинд хүрсэн. 

-Хоёр орны харилцааг цаашид хэрхэн өргөжүүлэх, тэр дундаа иргэд хоорондын харилцааг хэрхэн идэвхжүүлэх боломжтой вэ?
-Хоёр талын харилцаа бидний хувьд бүхий л түвшинд улам илүү хөгжин дэвжинэ гэж итгэж байна. Өнгөрөгч онд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагаанд саад бэрхшээлийг болж буй зүйлсийг хэрхэн арилгаж болох талаар ярилцсан. Дараагийн хуралдаан Монголд болно. Цаашдаа бидний харилцаа илүү сайн өргөжинө гэж итгэж байна. Иргэд хоорондын харилцаа мөн маш чухал. Үүнийг бид улам хөгжүүлэхийг байнга эрмэлзэж, иргэдийн харилцан айлчлалыг тогтмол зохион байгуулахаар зорьж байна. Жишээлбэл удахгүй Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Кувейт улсад айлчлахаар төлөвлөөд байгаа. 



Монгол, Кувейт хоёр улс нь 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2015 онд 40 жилийн ойгоо тэмдэглэж байв. Хоёр улс найрсаг сайн харилцаатай, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид соёл, спортын салбарт хамтран ажиллах, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, тэдэнд шардлагатай хөрөнгө оруулалтыг олж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой хэмээн хоёр тал үздэг юм. 

Өнгөрсөн хугацаанд Кувейтын сан Монголд 78.04 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд үүнээс Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн хооронд нийт 415 км авто замыг барихад 58.26 сая ам.доллар, Говь Алтай аймагт Тайширын усан цахилгаан станцыг барихад 19.78 сая ам.долларыг зарцуулсан. Өвөр Зайсанд “Кувейт-Монголын Судалгааны төв” байгуулахад 3.4 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Мөн Кувейт улсын Засгийн газраас 2016 онд Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэн, 35 айлын орон сууцны хотхон барих, Хэнтий, Баян-Өлгий аймгуудын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад буцалтгүй тусламж үзүүлжээ.  Кувейт улсын Засгийн газраас Түлэнхийн төвийн барилгыг барихад 8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байгаа юм.



Дашрамд дурдахад, Кувейт улс нь Персийн булангийн умард үзүүрт байрладаг бөгөөд хуурай газраар Ирак, Саудын Арабтай хиллэдэг. Нийт 17.8 мянган км² газар, 4.3 сая хүн амтай. Хүн амын 60 хувь нь араб угсаатан, нутгийн уугуул иргэн 30 хувийг эзэлдэг аж. Албан ёсонд араб хэлийг ашигладаг бөгөөд муслим шашин зонхилдог. 1938 оноос газрын тос ихээр олборлож, нэг хүнд ноогдох орлогоор дэлхийд эхний 10-т ордог амьжиргааны түвшин сайн оронд тооцогддог юм. 
Н.Гантуяа 
Холбоотой мэдээ