Ч.Амаржаргал:Манай гутал нь байгаль орчинд ээлтэй технологоор хийгддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-27 12:13:41

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Хүннү” эсгий гутал Завханд төдийгүй Монгол Улсад трэнд болоод байгаа. Учир нь тус гутал үйлдвэрлэгдэж эхэлснээсээ хойш хэд хэдэн удаагийн үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүн номинацийн эзэн болоод зогсохгүй хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байгаа билээ. Тиймээс тус гутлыг бүтээж үйлдвэрлэж байгаа Тосонцэнгэл сумын "Түмэн Тосон" ХХК-ийн захирал Ч.Амаржаргалтай уулзаж бүтээгдэхүүнийх нь онцлог, эрэлт хэрэгцээний талаар тодрууллаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе? Танай компани эсгий урлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хэзээнээс эхэлсэн бэ? Бизнесийн олон салбараас яагаад энэ салбарыг сонгох болов?
-2017 оны долдугаар сард манай аймагт болсон "Нүүдэлчдийн соёлын наадам"-д оролцохоор Улаанбаатар хотоос багш урьж, анхныхаа бүтээлүүдийг хийж эхэлсэн. Улмаар сум, аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилт тавьж 15 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Миний хувьд бүтэн нэг жилийн турш судалгаа хийсэн. Маш олон сургалтанд сууж өөрийгөө бэлтгэлээ. Эцэст нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулбал боломж их байгааг олж харсан. Нөгөө талаас дэлхий нийтээрээ эко бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг болсон энэ цаг үед Монгол уламжлалт аргуудаараа  ноос, сарлагийн хөөврөө боловсруулан бүтээгдэхүүн хийвэл Монголоос гадна дэлхийн зах зээлд гаргах боломжтой гэж харж байгаа. Тиймээс эхний ээлжинд багштайгаа хамтран аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг гаргах зорилт тавьж нэгдүгээрт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ширмэл ширдгийг Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүн болгох, хоёрдугаарт, эсгийгээр цааны годон гутлыг орлох бүтээгдэхүүн хийх томоохон зорилго тавьж "Хүннү" гутлаа үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлээд байна. Монголчууд бид ноосоо түүхийгээр нь гадны зах зээлд гаргадаг. Судалгаанаас харахад бид нэг кг ноосыг 500 төгрөгөөр борлуулдаг бол буцаагаад БНХАУ-аас нэг кг ноосыг 100.000 төгрөгөөр худалдан авч байна. Өөрөөр хэлбэл гадны орнууд манай түүхий ноосыг боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эргээд Монголчуудад худалддаг. Гэтэл бид өөрсдөө яагаад ийм бүтээгдэхүүн хийж болохгүй гэж. Манай компани хүн бүрийн хийдэг зүйлийг биш, ноосоор гайхамшигтай бүтээгдэхүүн хийж болдог гэдгийг харуулахыг зорьж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Үүний нэг тод жишээ нь манай "Хүннү" гутал.

 
-Завхан аймаг 2018 онд ноос боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор олон давуу талууд бий болох байх. Тухайлбал танай үйлдвэр гэхэд болосвруулсан ноосоо эндээс бэлдэж болох юм?
 
-Тэгэлгүй яахав. Орон нутагтаа ноос боловсруулах үйлдвэртэй болвол нэгдүгээрт, ажлын байр нэмэгдэнэ, хоёрдугаарт, түүхийгээр нь 500 төгрөгөөр өгдөг байсан ноосоо гадны зах зээлд үнэтэй борлуулах боломж бүрдэнэ. Малчдын амьдрал ахуйд ч хэрэгтэй хөрөнгө оруулалт болно. Ноос боловсруулах үйлдвэртэй болсноор олон үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хэрэгцээг хангах боломжтой. Мэдээж манайх мөн түүхий эдээ орон нутгаасаа авах боломж бүрдсэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлт сайн нөлөөтэй.
 
-Хүннү эсгий гутал бол годон гутлыг орлох бүтээгдэхүүн гэж та хэллээ. Хүннү гутлын давуу тал, онцлог юу вэ? 
-"Хүннү" эсгий гутлыг үйлдвэрлэхэд хялгасыг нь ялгасан 700 грамм цэвэр хонины ноос ордог. Эсгий, ширэн уллагаатай. Бид цааны годон гутлыг 700 мянга орчим төгрөгөөр худалдаж авдаг. Тэр хэрээрээ бидний валют гадны зах зээлрүү урсаж байна. Гадагшаа гарч байгаа мөнгөн урсгалыг бид орон нутагтаа үлдээх ёстой. Тэгвэл годон гуталтай дүйцэхүйц чанартай гутлыг бид үйлдвэрлэж чадаж байна. Манай гутал бол амьтны амь таслаагүй, малын гаралтай түүхий эдээр хийсэн цэвэр эко бүтээгдэхүүн юм. Машины оёдол ороогүй, дан гар аргаар  үндэсний өв соёл, уламжлалаа шингээн урласан, маш хөнгөн, дулаахан. Том хүний гутал уллагаатай 500 грамм, хүүхдийн гутал 200-300 грамм жинтэй. Манай монголчууд эрт дээр үеэс хагас ээтэн хоншоортой, Хүннү загварын гутлыг өмсөж ирсэн учраас гутлаа "Хүннү" гэж нэрлэсэн. Эсгийгээ нэг ч химийн бодис оруулахгүйгээр уламжлалт Монгол аргыг ашиглан гараар боловсруулж байгаагаараа давуу талтай юм. Мөн дулаахан хөнгөхөн, бас эдэлгээ даах чадвартай. Учир нь хэрэглэгч маань гутлаа угаагаад хэрэглэж болно гээд "Хүннү" гутлын давуу тал олон бий.  Хонины ноосон бүтээгдэхүүн эдэлгээ сайтай байдаг. Саяхан Хүннүгийн булшнаас эсгий гарч ирсэн тухай мэдээлэл сонслоо. Тэгэхээр энэ гутлыг хэдэн үеэрээ дамжин өмсөх боломжтой олон жилийн эдэлгээ даах бүтээгдэхүүн гэдэг нь нотлогдож байна шүү дээ. Цэвэрлэгээний хувьд угаалгын нунтагтай усаар арчих, эсвэл давсалсан цасаар үрэх, зөөлөн сойзоор цэвэрлэх гэх мэт маш энгийн аргуудтай. Эсгий бол норох тусам эдэлгээнд орох тусмаа хатуурдаг бат бөх болдог шүү дээ.

 
-Хэдэн төгрөгөөр борлуулж байгаа вэ?
 
-Зуун хувь гар аргаар үйлдвэрлэж байгаа "Хүннү" эсгий гутлыг хийхэд маш олон хүний хүч хөдөлмөр ордог. Тэгвэл гадны зах зээлээс 700.000 төгрөгөөр гутал авахын оронд дотоодынхоо түүхий эд бүтээгдэхүүнээр үндэсний өв уламжлалаа шингээн урласан чанартай, хөнгөн, дулаахан гутлаа бид 700.000 төгрөгөөр,  хүүхдийн гутлыг 250.000 төгрөгөөр хэрэглэгчдэд санал болгож байгаа. Магадгүй эсгий гутал үнэтэй байна гэж хэлж болох ч өмсөж, эдэлж үзсэн хүн энэ үнийг хүлээн зөвшөөрдөг. Цаашид орон нутагт ноос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол мэдээж бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой.
 
-Бүтээгдэхүүнээ захиалгаар үйлдвэрлэдэг үү?
 
-Тиймээ, Бид захиалгаа бараг гүйцэхгүй байна. Өнөөдрийн байдлаар улсад болон аймагтаа дөрвөн удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Одоо Өвөр Монголын Хөх хотод болох үзэсгэлэн худалдаанд оролцохыг зорьж байна. Эсгий гутлаас гадна уламжлалт тоглоом наадгай, эсгий шаахай, малгай, улавч, хөрөг зураг, ширмэл ширдэг зэргийг үйлдвэрлэж байна. Захиалгаа 9009-9077 утсаар авч байгаа.

Б.Мягмарсүрэн 

 


Холбоотой мэдээ