Олон улсын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсад олгох зээлийн хэмжээгээ нэмэгдүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-03-01 12:13:55
МОСКВА. /Олон улсын хөрөнгө оруулалтын банкны сайт/. Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын 21-р хуралдаан хоёрдугаар сарын 28-нд Москва хотноо болов.
 
ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской болон Монгол Улсын шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин нар хуралдааныг даргалан явуулав. Комиссын хоёр талын гишүүд, шинжээчид оролцсон энэ удаагийн хуралдаанд ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид оролцлоо.

Талууд тээвэр, түлш-эрчим хүчний цогцолбор, аж үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хийгээд эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх асуудлыг онцгойлон хөндөн хэлэлцсэн байна.

Хуралдааны хүрээнд ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банк болон Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд нэмэлт санхүүжилт олгох тухай хэлэлцээр байгуулсан юм. Уг хэлэлцээрт Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат болон ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Владимир Ливенцев нар гарын үсэг зурав.

Хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулж тус улсын Хөгжлийн банкинд олгох зээлийн хэмжээг 7 жил хүртэлх хугацаагаар 50 сая евро хүртэл нэмэгдүүлж байгаа юм.

Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын гишүүд ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банкны зүгээс Орос болон Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр банкны хооронд хэлэлцээр байгуулсанд баяр хүргэв.

ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад чиглэсэн зээл-хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа тууштай өргөжүүлж ирсэн бөгөөд 2012 оноос хойш Монгол Улсын эдийн засагт нийт 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ