МХЕГ-аас норовирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж гаргав

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2018-03-01 14:20:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д болсон өвлийн олимпийн үеэр олимпийн хотхонд 312 хүн норовирусийн халдвараар өвдсөн. Үүнтэй холбогдуулж МХЕГ-аас нийт ард иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Норовирусын халдвар нь вирусээр үүсгэгддэг, суулгалт, бөөлжилтийн шинж тэмдгээр илэрдэг бөгөөд ихэвчлэн хөнгөн болон дунд зэргийн явцтай. Гэхдээ бага насны хүүхэд, ахмад настай хүний дархлааны тогтолцоог дарангуйлдаг. Халдвар нь өвчтэй хүнээс болон вирусээр бохирлогдсон гар, ус, хоол хүнсээр дамжин халдварладаг. Халдвар авснаас хойш 12-48 цагийн дараа халуурах, суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Иймд гараа тогтмол савантай усаар угаах, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайн сахих, жимс, ногоог сайтар угаах, удаан хадгалагдсан хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, далайн гаралтай хоолыг гүйцэд болгох, хясаа идэхээс зайлсхийх, ундны усны аюулгүй байдлыг хангах, цэвэр усны сав баглааг шалгах, нүүр гарын алчуур, цамц, бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх, аль болох нэг удаагийн хэрэглээний  аяга таваг хэрэглэх, хлор агуулсан бодисоор халдваргүйтгэл хийх цаашилбал эмч мэргэжилтнүүдэд яаралтай хандах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Б.Туул

Холбоотой мэдээ