Зарим байр халаалтаа авч чадаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 11:48:50

Өвлийн тэргүүн сар гарсаар өдөр бүр цас орж хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотын төвд байрлах 32 айлын 2 орон  сууцны 160 гаруй иргэн одоо хүртэл халаалт дулаанаар хангагдаагүй байгаа учир мөсөн хонгил болсон байранд амьдрах аргагүй болоод байна.

Өдрөөс өдөрт эрс хүйтэрч шөнөдөө -30 градустай хонож байгаа энэ өдрүүдэд  айлуудынх нь цонх нь цантаж тааз хана нь чийг дааж их хөлөрснөөс хөгз үүсч хүн амьдрахад хүнд байгаа учраас ихэнх иргэд ах дүү төрөл садныхнаа бараадаж  амьдарсаар 2 сар болж байна. Хүйтэн байранд амьдарсны улмаас ой хүрээгүй бяцхан иргэдийн чихний хэнгэрэг цоорч, настан буурлууд нь хөрч даарсанаас хавагнаж, даралт нь ихсэх зэргээр эрүүл мэнд, сэтгэл санааны хямралд өртөөд байна.

Говь-Алтай аймгийн нэгдсэн халаалтыг “Мандал голомт” компани хариуцдаг бөгөөд сүүлийн үед Алтай хотод баригдсан байруудыг халаалт дулааныг техникийн нөхцөл хийгдээгүй гэх шалтгаанаар холбодоггүй бол энэ байруудын тухайд техникийн нөхцөл хийгдсэн учраас дулаанаар хангаж чадна гэж тус компани шугамдаа холбосон ч энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаад иргэд бухимдаж сууна.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

 

Холбоотой мэдээ