Гурванбулаг суманд хорио цээрийн дэглэмийг буурууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-20 19:04:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ.
Тус сумын гарсан шүлхий өвчний голомтын 11 өрхийн 268, голомттой ойролцоо 74 өрхийн 221 үхрээс авсан шинжилгээгээр шүлхий өвчний сэжиг илрээгүй байна. Шүлхий хорио цээрийн голомтод хэрэгжүүлсэн арга хэмжээ, сумын нийт үхэр сүрэг, голомтын бүсийн бог малд хийсэн вакцинжуулалт, өвчтэй малыг устгаснаас хойш 28 хоног уг өвчний шинж илрээгүй зэргийг үндэслэн тус сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Энхтүвшин хорио цээрийн дэглэм бууруулах дүгнэлт  гаргасан байна.
Тус сумын тавь шахам хоног үйл ажиллагаа нь зогссон сургууль, цэцэрлэг энэ долоо хоногоос эхлэн хичээл, сургалтаа эхэллээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ