Мянган айлын нэг нь л буруу жорлонтой бол уг суурин газрын ус бохирдох аюултай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-22 22:30:03
Хэнтий /МОНЦАМЭ/ Тал дүүрэн нутагтай монголын сайхан нутгийн хөрс, ус, агаарыг бохирдуулагч томоохон хүчин зүйлүүдийн нэгийг хашаанд тань, хээр талд байрлах ухсан нүхтэй жорлон гэдгийг та мэдэх үү? Учир нь ийм жорлонгоос болж хүүхдүүд гэдэсний халдварт өвчинд өртөх нь их байдаг байна. Үүгээр ч зогсохгүй нас барахад хүргэдэг гэнэ. Тиймээс иргэн та “Жорлонгоо өөрчилье” хувьсгалд нэгдээрэй.

Мянган айл зөв жорлонтой байвч, мянга нэг дэх нь буруу жорлонтой бол уг суурин газрын ус тэр чигээрээ бохирдох аюултай. Иймд аль болох хурдан хугацаанд олон жорлонг шинэчлэх нь уух усныхаа, ирээдүй хойчийнхоо төлөө хийж буй нэг тэмцэл юм. Хүн бүр жорлон, эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин маань эрүүл байх ажээ.

Тухайлбал танд “Жорлонгоо өөрчилье” номноос “Тал нутгийн тансаг жорлон”-г танилцуулъя. Орхоны хөндийн их талд “Хонгор говь” хэмээх амралтын газар ажилладаг байна. Амрагч, жуулчдад өргөө гэрийн түлхүүрийг хүлээлгэж өгөхдөө гал түлэх зуух, бие засах жорлонг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлаж өгдөг гэнэ. Амралтын газрын жорлон нь майхан шиг хэлбэртэй, дотроо их тохьтой суултууртай бөгөөд хуурайшуулагч жорлонд байдаг хувинтай үртэс, 00-ын цаас, гар ариутгагчтай.

Жил бүр маш бага хэмжээтэй нүх ухаж жорлонгоо байрлуулдаг аж. Тухайн жилийн жуулчлалын улирал дуусмагц жорлонгийн бүхээгээ буулгаж, хуурай үртэс, сүрэлтэй нийлж бордоошиж буй ялгадсыг шороогоор хучиж орхидог байна. Дараагийн жил дахин багахан хэмжээний нүх ухаж, жорлонгоо босгоод л, намар нь хурааж, нүхийг булдаг ажээ.

Харин гурав дахь жилдээ эхний булсан нүхийг нээнэ. Энэ үед хоёр жил хадгалагдсан үртэстэй ялгадас бордоошиж, хар хүрэн өнгийн шороо болсон байдаг ажээ. Тэрхүү шороог хүрздэж гаргаад хадлангийн талбай руу тарааж, суларсан нүхэн дээр гоёмсог жорлонгоо дахин босгодог байна.

Энэ мэтээр тал нутагтаа ээлтэй өнгө үзэмжийг бүрдүүлж, олон газрыг ухаж сэндийлэн бохирдуулахгүйгээр эрүүл мэндэд ээлтэй жорлонтой болох боломжуудын талаар нэгэн сургалт Чингис хотноо болсон юм. “Нутгийн шийдэл” сангийн “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд явагдаж буй “Жорлонгоо өөрчилье” хэмээх энэхүү төслийн сургалтад 65 иргэн хамрагдав.

Энэхүү төсөл нь иргэдийн сайн дурын санаачлага дээр үндэслэн явагдаж байгаа юм. Сургалтын үеэр нүхэн жорлонг өөрчлөх технологийн хичээлийг зааж, технологийг биечлэн хэрэгжүүлж буй “Атмор” компани техник технологио танилцууллаа.

Хэнтий аймгийн хувьд Монгол Улсын усны нөөцийн томоохон эх үүсвэр бүхий аймаг бөгөөд усны нөөцөөрөө Хөвсгөл аймгийн дараа ордог учраас жорлонгийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг төслийнхөн хэлж  байсан юм. Иймээс иргэн та энэ хувьсгалд нэгдэж, жорлонгоо өөрчлөөрэй.
 Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ