“Жазз” хөгжмийн шинэ төрх

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-03-23 16:55:07
Урлаг тэр дундаа хөгжмийн урлаг бол хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг. Дэлхий нийтээр хоорондоо ярилгүйгээр хөгжим болоод уран зургийн хэлээр ойлголцож, тухайн орны соёл, зан заншил, уран бүтээлчдийн ахуйтай танилцаж болдог.

Жазз хөгжмөөр дамжуулан амьдралыг мэдэрч, ойлгож, ойлгосон зүйлээ бусдад түгээдэг хүмүүс олон. Уг хөгжим нь анх хорьдугаар зууны эхээр АНУ-д боолчлогдон амьдардаг хар арьстнуудын дунд Европ хэв маягтай хослон үүсчээ. Хүнд хэцүү амьдрал дундаас үүссэн учраас ч тэр үү анхны урсгал нь блюз буюу уйтай дуунуудаар эхэлж ихэд тархаж байсан гэдэг. Сэтгэл сэргээм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хоршин тоглож болох уян хатан байдлаар нь жаззыг дэлхийн хөгжим хэмээдэг.

Ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглогдох энэ хөгжим тропикал, бест, латин, чөлөөт, жааз рок, жааз реп гэх мэтчилэн 20 гаруй төрөлтэй байдаг. Үүссэн цагаасаа эхлэн дэлхийн өнцөг булан бүрт төрөлх нутгийнх нь аялгуу, хөгтэй хослох үзэгдэл загвар болтлоо түгсэн нь бий. Харин 46 жилийн тэртээ 1969 онд манай улсын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулуу тавьсан ууган чуулга болох “Баянмонгол” жазз найралыг үүсгэсэн түүхтэй.



Гял цал зүйлээр гангардаггүй харин жинхэнэ амьд тоглолтоороо л чансаагаа харуулдаг жазз уран бүтээлчдийг хэн нэгэн бишрэхгүй байж чадна гэж үү? Тэдэнд элдэв маяггүй, жинхэнэ плюраль шинжтэй хөгжим л хэрэгтэй.

Жазз урлагийг үүсгэгч нь ядуу боол хар арьстнууд байсан боловч нийгмийн элитүүдийн дунд тархаж, арьс өнгөөр ялгаварлагчид өөрийн эрхгүй жазз хөгжимд дурлацгаажээ. Иймаас энх тайван, аз жаргалыг бэлэглэгч ч гэж хэлж болох юм. Хар арьстануудын эрх чөлөөний тэмцэгч Мартин Лютер Кинг “Жазз хөгжим амьдралыг өгүүлдэг” гэж хэлсэн байдаг. Амьдралын хар, саарал, цагаан бүхий л өнгийг уран яруу аялгуугаараа төгс илэрхийлж чаддаг учраас л тэр ийн хэлсэн байх.
 
Юуны учир энэ бүхнийг дурсав гэхлээ өнөөдөр Монголын жазз урлагийн түүхэнд нэгэн шинэ залуу дуучин төрөн гарч, урлагийн энэхүү төрлийг шинэ дүр төрхтэйгөөр олонд хүргэлээ. Залуу дуучин Э.Энхжаргал, алдарт бөмбөрчин Билли Харт тэргүүтэй дэлхийд нэрээ дуурсгасан хөгжимчидтэй хамтран Германы "Enja Records" лэйблд жазз цомгоо  бичүүлэн гаргасан билээ.

Харин тэд “Mongolian song” цомгийнхоо нээлтийг Улсын филармонид хийж жазз хөгжмийн шинэ дүр төрхийг танилцууллаа. “Дэнжийн ногоо” дуугаар эхэлсэн тоглолт алга ташилтаар үргэлжилж, үзэгчдэд жазз хөгжмийн шинэ дүр төрхийг харуулав.  Уг тоглолтыг амьд хөгжмийн “Jazz Train” хамтлагтай хамтран толилуулсан юм.



С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Энжи “Дэнжийн ногоо” дууг М.Зенкерийн найруулгаар дуулсан нь энэхүү цомгийн үүсгэл болсон гэдэг.

Жазз дуучин, Мюнхен хотын Хөгжим театрын их сургуулийн багш Анне Чиковски “Түүнийг анх манай сургуульд ирэхэд нь ямар содон, гайхалтай хоолойтой юм бэ гэж бодсон. Түүнээс хойш өнөөг хүртэл хамт ажиллаж байна. Бид энэ тоглолтыг тавих гэж маш их бэлтгэсэн. Ялангуяа манай залуу хөгжимчид хөлс, хүчээ шавхан их бэлтгэл хийсэн. Тэд нартаа болон тоглолтын арын албанд ажилласан бүх хүмүүст баярлалаа” гэлээ. Э.Энхжаргал тоглолтын үеэр багштайгаа хамтран хоёр ч дуу дуулсан нь үзэгдийн сэтгэлийг ихээр хөдөлгөж байв.

Улаанбаатарын Гёте хөгжмийн танхимыг үндэслэгч Мартин Зенкер өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохиолч, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн эцэг С.Гончигсумлаагийн туурвилыг алдаршуулахаар “Гончигсумлаа төсөл”-ийг эхлүүлсэн. 2015 онд буюу С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Энжи “Дэнжийн ногоо” дууг М.Зенкерийн найруулгаар дуулсан нь энэхүү цомог мэндлэхэд томоохон нөлөө үзүүлжээ.

Цомгийн бүх дуу Монголын суут хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн бүтээлүүд юм.



Дуучин Э.Энхжаргал “Анх цомог хийх гэж байхдаа их эмээж байсан.  Тэр тусмаа С.Гончигсумлаа гуайн дууг дуулна гэдэг аз завшаан байлаа. Түүний дуу Герман, Белги зэрэг гадаад улсуудад алдартай. Одоо миний дуулах дуу бол “Ээждээ” хэмээх сайхан уран бүтээл. Энэ дууг  гадны сонсогчид сонсоод үгийг нь мэдэхгүй ч гэсэн сэтгэл нь хөдөлдөг” гэж ярив.

Гёте институтээс санаачлан “Хөгжим бүжгийн коллеж”-той (өдгөө Консерватори) хамтран байгуулсан Улаанбаатарын Гёте хөгжмийн танхим (GMUB) нь Монголын анхны жазз хөгжмийн сургалтын төв болсон түүхтэй. Харин цомгийнхоо нээлтийг хийж буй Э.Энхжаргал дуучин тус танхимын анхны төгсөгчдийн нэг ажээ. Тэрээр энэ онд  Мюнхен хотын Хөгжим театрын их сургуульд жазз дуучны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж эхлээд байна.

Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа агсны бүтээсэн “Чамайг үдье”, “Өргөн хангайн нутаг”, “Жаргаах зүрхэн”, “Дэнжийн ногоо”, “Ээждээ”, “Шинэ жилийн вальс” зэрэг дуунуудыг жазз хөгжмийн аялгуутай хоршуулан сонсох боломж ийнхүү нээгдэж байна. Эдгээр дууны хөг аялгуу, айзам нь дулаахан, зөөлөн өнгө аястай байдаг учир жаззтай төгс хослох боломж бүрдсэн биз ээ.

Өнөөгийн бид хөгжмийн бүхий л урсгал жанрыг “тийм ийм” гэж ялгалгүй сонсч тэр болгоныг өөр өөрсдийн гэсэн утга яруу, уянга төгөлдөр боловч эцэст нь илэрхийлэгдэх утга нь тэс өөр хэмээн дүгнэдэг. Гэвч жазз тухайн дуучны чадварыг бүрэн илтгэж, хоолойн цар хүрээний гайхамшигийг бусдад мэдрүүлж байдаг билээ. Ийнхүү монголын жаззын ирээдүй, шинэ дүр төрх болсон “Mongolian songs” цомог мэндэллээ.


 
Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ