Малчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-26 17:22:02

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа малчид сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж болох ч нийгмийн даатгал хамрагдах хамрагдалт бага хувьтай байгаа тул цэрэг цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт тооцдогтой адил шимтгэл төлөх хугацааг нэмэгдүүлэн тооцохоор хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулав. Үүний дараагаар хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж,  үгээ хэлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “2014 оны 5 сард үүнтэй адил агуулгатай хуулийг өргөн барьсан. Бид нэг жилийг 1,6 жилээр тооцуулахаар оруулж ирсэн ч өнөөдрийг хүртэл чуулганаар хэлэлцэгдэхгүй байна” гэсэн асуудлыг тавьсан.

УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Дипломатуудыг 1,6 жилээр, цэрэг цагдааг 1,5 жилээр тооцдог. Малчдыг шууд 1,6 жилээр тооцох нь учир дутагдалтай гэж гишүүд үзсэн. Энэ хууль миний баланкан дээр бичигдсэн болохоос 16 хүн дэмжсэн юм. Хэн хууль санаачлахдаа биш, хууль батлагдахдаа гол нь юм шүү” гэв.

Өнөөгийн нөхцөлд Дипломат албаны тухай хуулиар цаг уурын хүнд нөхцөлтэй  орны дипломат төлөөлөгчийн газарт ажилласан нэг жилийг 1 жил 6 сараар тооцохоор тусгасан бөгөөд Вьетнам, Египет, Куба, Лаос, Тайланд, Сингапур, Энэтхэг улс хамаарч байна. Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулиар гал унтраах ажиллагаанд оролцдог албан хаагчийн нэг жил ажилласан хугацааг 1 жил 2 сараар тооцож байна.

Иймд эдгээр жишгийг харгалзан байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг малчдын шимтгэл төлж, ажилласан 1 жилийг 1 жил 2 сараар нэмэгдүүлэн тооцсоноор тэдний тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэн хөдөлмөрийг нь бодитой үнэлж, бусад энгийн ажиллагчидтай харьцуулахад цөөн жил шимтгэл төлснөөр өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсэх юм. Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараагаар санал хураалт явуулахад 83.9 хувь нь тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Б.Туул

 

           

 

 

 

Холбоотой мэдээ