Энэтхэг улс "харилцаа холбоо"-ны хиймэл дагуулыг тойрог замд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2018-03-30 11:22:34
ШИНЭ ДЕЛИ. /Би-Би-Си/. Энэтхэг улс маш өндөр хүчин чадал бүхий харилцаа холбооны хиймэл дагуулыг пүрэв гарагт буюу өчигдөр тойрог замд оруулжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Энэтхэгийн Засгийн газрын харьяа Сансар судлалын агентлаг нь өчигдөр Бенгалын булангийн Шрихарикота арлаас хоёр тонн жинтэй хиймэл дагуул тээсэн пуужинг хөөргөсөн байна. Хөөргөснөөс 17 орчим минутын дараа пуужин хиймэл дагуулыг тойрог замд оруулсан гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Энэтхэгийн Засгийн газар энэ хиймэл дагуулын тусламжтайгаар Энэтхэгийн болон Номхон далай дахь Хятадын хөлөг онгоцуудын үйл хөдлөлийг хянах аж.

Хятадын хөлөг онгоцууд сүүлийн жилүүдэд Энэтхэгийн далайд үзэгдэх нь эрс нэмэгдсэн байна.

Өнгөрсөн зун Энэтхэг болон Хятад цэргүүдээ хилийн бүсэд байрлуулж, хоёр сар орчим сөргөлдөх үед Хятад улс сүр хүчээ харуулахын тулд Энэтхэгийн далайд тэнгисийн цэргийн хүчний 14 хөлөг онгоцоо байрлуулж байжээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ