“Сэтгүүлчдийн өргөө” барих ажлыг орон нутгаас дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-01 22:09:32
Өвөрхангай /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр нар 3 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт ирж, аймгийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзалт хийлээ.
Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нартай уулзаж, “Сэтгүүлчдийн өргөө” барихад хамтарч ажиллахыг хүслээ. Тухайлбал, орон сууц барих хөтөлбөрт багтаах болон газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг болон МСНЭ-ийн салбарыг оффисийн өрөөтэй болгож өгөх, хэвлэл мэдээлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслахыг хүссэн юм. Аймгийн удирдлагууд уг саналыг нааштайгаар хүлээн авч боломж бололцоогоороо анхаарна гэв.
Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа орон нутаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцахаар 13 дахь аймагтаа ирээд байгаа нь энэ юм. Уулзалтын эхэнд МСНЭ-ээс 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжилд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн үйл ажиллагаа, санхүүжилт хөтөлбөрийн үйл ажиллагаанд тавь тавин хувьтай анхаарснаар хөгжих боломжтойг хэлж, аймгийн төрийн байгууллагууд руу хандан төсөл бичих, олон улсын төсөл хөтөлбөрт хандах, бизнесийн төлөвлөгөөтэй ажиллахыг зөвлөлөө.  “Хөдөө, орон нутгийн сэтгүүлч нь олон зүйлийг дульхан мэддэг сэтгүүлч байдаг, тэгвэл ирэх жилүүдэд ганцхан зүйлийг сайтар мэддэг сэтгүүлч болгох зорилго тавьж, сэтгүүлчдийг төрөлжсөн сэтгүүлзүйн найман төрлөөр мэргэшүүлэх бодлого барьж ажиллана. Ур чадвар, ажилласан жилийг харгалзан хатуу шалгуураар зэрэг дэв олгоно” хэмээн тэрбээр хэлж байв.
МСНЭ-ээс энэ сард Орон нутгийн сэтгүүлчдийн форум, цаашид редакторуудын болон техникийн ажилчдын сургалт, Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум, Хятад-Монголын сэтгүүлчдийн форум зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах аж. Бүтээн байгуулалтын хувьд салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулахаар 1000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 
Уулзалтын төгсгөлд аймгийн салбар зөвлөлд компьютер, принтерийг гардуулж, “Хас” телевизийн сэтгүүлч Д.Алтанчимэгийг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Арвайхээр” телевизийн сэтгүүлч Г.Солонгыг “Ган үзэгтэн” тэмдгээр шагнан урамшууллаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ