Халхан голд гарсан түймрийг цурманд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-04 16:09:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг “Халхан гол” гэдэг газарт Цагаан-Үүр сумаас баруун зүгт 35 км-т ойн түймэр өчигдөр гарсан бөгөөд өнөөдөр түймрийг цурманд оруулжээ.

Түймрийн голомтонд тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагаан-Үүр сумын 23 иргэн, Чандмань-Өндөр сумын 11 иргэн, 10 морьтой хүн, нийт 56 хүн, 7 техник хэрэгсэл, 10 морьтой ажиллаж байна. Сүүлийн үед нийт нутгаар салхи шуургатай байгаа учраас гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас ард иргэдэд анхааруулсаар байна. Тус аймгийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймэр хоёр дахь удаагаа гарчээ. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ онд 55 сая төгрөгийг баталсан бөгөөд ой хээрийн түймэр их  хэмжээгээр гарвал хүн, мал, ан амьтад хүртэл эрсдэх хохиролтой тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  арван суманд ой хээрийн түймэртэй тэмцэх багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 2017 онд  тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 7 суманд 15 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ