Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-04 23:29:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын гуравны өдөр Дорнод аймгийн төвд бусдын орон байранд долоон удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч, иргэдийн эд зүйлсийг хулгайлсан иргэн  З, Н нарын хэргийг өнөөдөр илрүүлэн шалгаж эхэллээ.
 
Сэжигтэн З өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлсэн, мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хүчингийн гэмт хэрэгт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсгээс танхайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан, сэжигтэн Н нь Дундговь аймагт дөрвөн удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан байцаагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд болохыг Эрүүгийн цагдаагийн тасгаас шалгах явцад тодруулаад байна.
 
Дээрх этгээдүүд нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
 
Иймд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас ард иргэддээ гэр орноосоо гарахдаа хаалгаа байнга бат бөх найдвартай цоож, цуургатай байлгах, байшингийн цонхондоо төмөр хаалт хийх, гэр хороололд байгаа айлууд хөрш айлдаа гэр орноо захиж байх, хөршүүд бие биенийхээ эд хөрөнгийг хайрлан хамгаалахад харилцан туслалцаа үзүүлж байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ