Идэрчүүдийн улсын аваргын алтан цомыг Хэнтийчүүд авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-04 23:46:41

Хэнтий /МОНЦАМЭ/ Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо долоо хоногийн турш үргэлжилж, аваргын алтан цомыг Хэнтийн баг тамирчид авлаа.

Тус тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс буюу бүс бүсээс шалгарсан шилдгийн шилдгүүд хуран цугларсан юм. Тодруулбал, Улаанбаатар хотын Багануур, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, “Хилчин спорт” хороо, “Хасумегастарс” клуб, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр,  Дорноговь, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь,  Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 21 аймаг, дүүргийн 450 гаруй шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.   

Монголын Волейболын Холбооны 2018 оны Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний шилдгүүдийг танилцуулбал,

Хөвгүүдийн хүрэл медаль:

 Спортын мастер Д.Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай, Э.Доржжагдаг туслах дасгалжуулагчтай, Г.Тэмүүжин ахлагчтай  Хэнтий аймгийн баг тамирчид,

Мөнгөн медаль:

 О.Соронзонболд ахлах дасгалжуулагчтай, спортын мастер Б.Баттулга туслах дасгалжуулагчтай, Н.Эрхэмболд ахлагчтай Баянгол дүүргийн 20-р сургуулийн хөвгүүдийн баг тамирчид,

Аваргын цом, алтан медаль:

 Спортын дэд мастер Д.Болдбаатар ахлах дасгалжуулагчтай, Л.Мөнгөншагай туслах дасгалжуулагчтай, С.Нямсүх ахлагчтай Хөвсгөл аймгийн хөвгүүдийн баг тамирчид хүртлээ.

Охидын хүрэл медаль:

Спортын мастер А.Амартүвшин ахлах дасгалжуулагчтай, Спортын мастер   Ж.Мөнхбаяр туслах дасгалжуулагчтай, Д.Анужин ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид,

Мөнгөн медаль:

 Спортын мастер Б.Батцоож ахлах дасгалжуулагчтай, Спортын дэд мастер Э.Болд-Эрдэнэ туслах дасгалжуулагчтай, У.Мөнхзул ахлагчтай Багануур дүүргийн охидын баг тамирчид,

Аваргын цом, алтан медаль:

Спортын мастер Д.Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай, волейболын спортын дэд мастер М.Мөнхбаяр туслах дасгалжуулагчтай, волейболын спортын 1-р зэргийн тамирчин Д.Гантунгалаг ахлагчтай Хэнтий аймгийн БТСГ-ын  баг тамирчид хүртсэн юм.

Ийнхүү Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний багийн дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид тэргүүлсэн амжилтыг үзүүлж, Хан Хэнтийчүүдээ баярлууллаа. Өмнө нь 1989 онд МУ-ын волейболын спортын мастер Гарамын Базарсад багшийн шавь нар охид хөвгүүдээрээ бүсдээ аваргалж, улсдаа аваргын цом гардаж байжээ.

Энэхүү тэмцээний үеэр Ахмадын Волейболын улсын гурван удаагийн аварга, спортын мастер, аймгийн хурц арслан, Ард түмний гавъяат багш, ахмад тамирчин, Сангын Батсүхийн хөдөлмөр алдрыг тэмдэглэн өнгөрүүллээ. 

Улсын хэмжээний энэхүү томоохон тэмцээнийг Хэнтий аймагтаа зохион байгуулах ажлыг УИХ-ын гишүүн Д.Гантулга дэмжин хамтран ажиллаж, “Хэтийн Хэнтий 2030”  хөтөлбөрийн хүрээнд шилдэг тамирчдын шагналыг гурван сая төгрөгөөр ивээн тэтгэжээ. 

Мөн Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн нэрэмжит шагналыг шилдэг баг тамирчин, дасгалжуулагч нарт гардуулж, шилдгүүдийг ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан Үд хотоор аялах эрхийн бичгээр  шагналаа.

Д.Одонтунгалаг


Холбоотой мэдээ