АНУ vs БНХАУ: “Худалдааны дайн”-ы хохирогч нь хэн бэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-04-06 14:25:49
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадаас нийлүүлж буй 100 гаруй нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулах тухай санамж бичигт өнгөрсөн сарын 22-нд гарын үсэг зурсан бол үүнээс 10 хоногийн дараа Хятад улс Америкаас нийлүүлж буй 128 нэр төрлийн бараанд 15-25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд “худалдааны дайн” дэгдээлээ.

Хятадын талын мэдэгдэлд дурдсанаар, Америкийн тал ган, хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулсны хариуд дээрх арга хэмжээг авсан байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Хятадын засгийн газар дахин 106 нэр төрлийн бараанд татвар ногдуулсан байна.

Хятадаас их хэмжээний ган орж ирж байгаа нь АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн салбарыг уналтад оруулсан гэж Трамп үздэг. Бодит байдал дээр, АНУ-д 110 гаруй улс ган нийлүүлдэг бөгөөд Хятад улс нийлүүлэлтийн хэмжээгээр 11-р байранд ордог аж. Хятадыг буруутгаж буйн учир гол учир гэвэл, зарим улсууд Хятадын ганг худалдан аваад бага зэргийн боловсруулалт хийснийхээ дараа АНУ-д дамжуулан экспортлодогт оршино.

Нөгөөтэйгүүр, Хятадын бараанд татвар ногдуулах болсон нь хэдэн арван жилийн турш Америкийн компаниудын оюуны өмчийг хятадууд хулгайлж ирсний хариуд авч байгаа арга хэмжээ гэж АНУ-ын эрх баригчид тайлбарлаж байна. Зарим мэдээллээр, хятадууд программ хангамжийг хулгайлж, дууриамал бараа үйлдвэрлэн борлуулсны улмаас АНУ жил бүр 600 тэрбум долларын хохирол хүлээдэг ажээ. Үүнийг шалтгааныг нарийвчлан тодруулах үүднээс АНУ-ын тал 2017 оны 8 дугаар сараас эхлэн мөрдөн шалгалт явуулсан байна. Шалгалтын зорилго нь зохиогчийн эрх, патент, ноу-хау зэрэг оюуны өмчийг хятадуудад өгсний хариуд Хятадын зах зээлд нэвтрэх зөвшөөрлийг Америкийн компаниудад олгож байсан уу гэдгийг тогтоох явдал байлаа. Түүнээс гадна стратегийн ач холбогдолтой технологи олж авахын тулд Америкийн компаниудад хөрөнгө оруулахыг Хятадын эрх баригчдын зүгээс өөрийн орны компаниудад үүрэг болгож байсан эсэхийг шалгасан байна.

Түүнээс гадна, Трампын гаргасан дээрх шийдвэр нь Хятадтай хийж буй худалдаанаас АНУ-ын хүлээж буй 375 тэрбум ам.долларын алдагдлыг бууруулах зорилготой аж. Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “технологи хулгайлах явдлыг таслан зогсоож, худалдааны алдагдлыг бууруулна” гэж амлаж байсан билээ.

Хятадын талын хариу арга хэмжээ

Хятадын эрх баригчид америкчуудын хийж буй протекционизмын /гаалийн татвараар дамжуулан өөрийн орны худалдааг ивээх бодлого/ шинжтэй  алхмуудын талаар ойрын үед Дэлхийн Худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол гаргах гэж байгаа тухай Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лу Кан мэдэгдлээ. 
Хятад бол дэлхийд 3 дугаарт орох асар том экспортын зах зээл болохоос гадна Америкийн үнэт цаасыг хамгийн их хэмжээгээр эзэмшигч улс учраас “худалдааны дайн” хурцдах аваас эдгээр хөшүүргээ Америкийн эсрэг ашиглах нь ойлгомжтой.

Хятадад үйлдвэрлэсэн асар их хэмжээний барааг /575 тэрбум доллар/ худалдан авсны төлбөр болгон америкчуудын өгсөн долларыг Хятадын Төв банк АНУ-ын үнэт цаасыг худалдан авахад буцаагаад зарцуулдаг. Хэрвээ “худалдааны дайн” дэгдсэнээр хятадууд Америкийн үнэт цаасыг худалдан авах нь багасах аваас АНУ-ын засгийн газар өөр худалдан авагчдыг хайж, тэдэнд илүү өндөр хүү төлөхөд хүрнэ. Энэ тохиолдолд одоогоор 20 гаруй их наяд долларт хүрээд буй улсын өрийн дарамт улам ихсэнэ.

Худалдааны дайн хурцдах аваас Хятадын гааль, санхүүгийн зохицуулах байгууллага, монополийн эсрэг байгууллага, чанарын алба, байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын зүгээс Хятад дахь Америкийн бизнесийнхэнд дарамт шахалт үзүүлж эхэлнэ.
Түүнчлэн хятадууд экспортын барааныхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд юанийхаа ханшийг сулруулж магадгүй юм.                                                                                                   

Тэр ч байтугай Хятадын тал Америкийн их дээд сургуульд суралцаж буй оюутнуудынхаа тоог бууруулж магадгүй.

“Худалдааны дайн”-ы хөлд үрэгдэх Америкийн компаниуд

“Худалдааны дайн”-ы явцад хамгийн ихээр хохирол амсч болзошгүй Америкийн компаниудын жагсаалтыг Хятадын «South China Morning Post» сонинд өнгөрсөн онд гаргасан ажээ.

Жагсаалтын эхэнд “БОИНГ” компани бичигдэж байна. Хятад улс бол дэлхий дээрх нисэх онгоцны хамгийн том зах зээл билээ. Тус улсын төрийн өмчийн агаарын тээврийн компаниуд “БОИНГ” ба Европын “Airbus”-аас онгоцуудаа худалдан авдаг. БОИНГ компани нь “Boeing -737” загварын нисэх онгоцуудынхаа 30 хувийг Хятадад борлуулдаг ба 2035 оныг хүртэлх хугацаанд 1 их наяд долларын өртөг хэдэн мянган нисэх онгоцыг Хятадад нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү асар том захиалгыг биелүүлэх явцад Америкийн 150 мянган иргэн ажилтай орлоготой болох юм.   



«Apple» компани гэхэд Хятадын эх газар, Хонконг, Тайваньд айфоноо борлуулж, үйл ажиллагааны орлогынхоо 25 хувийг бүрдүүлдэг.  

«General Motors», «Ford», «Chrysler» гэсэн автомашин үйлдвэрлэгч хамгийн том гурван компани угсрах үйлдвэрүүд, борлуулалтын сүлжээгээ Хятадад бий болгохын тулд сүүлийн 10 гаруй жилийн турш асар их хөрөнгө зарцуулаад байгаа. Эдгээр компани нь жилд 20 сая гаруй автомашин борлогддог Хятадын зах зээлийг зүгээр л орхиод гарахыг хүсэхгүй нь ойлгомжтой.

Мөн түүнчлэн «Wal-Mart» сүлжээний дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчдийн тоо Хятадад жил бүр 10 хувиар өсч байна. Жишээ нь, зөвхөн Гуандун мужид гэхэд тус сүлжээнийхэн 5 жилийн хугацаанд 40 шинэ дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа бол “худалдааны дайн” хурцадсан тохиолдолд энэ төлөвлөгөө нь нурна.  

Түүнээс гадна, дэлхий дээрх хамгийн том кофе нийлүүлэгч компани болох «Starbucks» сүлжээ мөн 5 жилийн хугацаанд дэлгүүрүүдийнхээ тоог хоёр дахин өсгөхөөр төлөвлөж байгаа гэх мэтчилэн.

Америкчуудын экспортолж буй шар буурцагны талаас илүү хувийг нь жил бүр 14,6 тэрбум доллароор хятадууд  худалдан авдаг. Америкийн Шар буурцаг тариалагчдын холбооны ерөнхийлөгч Райан Финдли-гийн хэлснээр, Хятадын талын хариу арга хэмжээ нь урт хугацаанд сөрөг үр дагавартай бөгөөд америкчууд Хятадын зах зээлд эзлэх байр сууриа бусад улсад алдах эрсдэлтэй.

Тэр ч байтугай Хятадын кинотеатруудад үзүүлэх киноныхоо тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа Холливүүдийн студиүд ч хохирол амсах болно.

Дэлхий дахинд учруулах “худалдааны дайн”-ы хор уршиг 

Дэлхийн Худалдааны байгууллагын Ерөнхий захирал Роберту Азеведу мэдэгдэхдээ “худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулна” гэж дүгнэлээ. “Хэрвээ энэ сөргөлдөөн зөвхөн ган, хөнгөн цагаанаар хязгаарлагдаж байгаа бол нэг хэрэг, харин хэдэн зуу, хэдэн мянган нэр төрлийн бараанд татвар ногдуулах тухай ярьж байгаа бол огт өөр хэрэг” гэж тэрбээр тайлбарласан байна.  

Хятадыг дуурайн Европын Холбоо болон бусад орнууд хариу арга хэмжээ авсан тохиолдолд "худалдааны дайн" улам даамжирч, дэлхий дахиныг хамрах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Цагаан ордны зүгээс гаалийн тарифыг өөрчилж байгаа нь нэгэнт тогтон төлөвшөөд буй дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог нурааж, Дэлхийн Худалдааны байгууллага оршин тогтнож буйн утга учрыг үгүй хийж мэдэх юм.

“Wall Street Journal” сэтгүүлийн шинжээч Эндрю Браун-ы ярьснаар, АНУ хамгийн сүүлд Рейганыг Ерөнхийлөгч байх үед “худалдааны дайн”-д татагдан орж байжээ. Тухайн үед Америктай сөргөлдөгч тал нь түүний хамгийн ойрын холбоотон болох Япон улс байсан бөгөөд тус улсын эдийн засгийн багтаамж нь Америкийнхтай харьцуулахад нэлээд бага байсан. Гэтэл одоо Хятадын эдийн засаг зарим үзүүлэлтээр АНУ-ынхаас давж гараад байгаа билээ.

1980-аад оны “худалдааны дайн”-ы явцад япончууд буулт хийж, экспортоо багасган, автомашины зарим үйлдвэрээ АНУ-д шилжүүлэн байрлуулснаар америкчуудад ашигтай тусч, ажлын байрны тоо нэмэгдэн, хурцадмал байдал намжсан юм. Харин одоогийн нөхцөлд ийм маягаар хятадуудыг сүрдүүлнэ гэдэг бол бараг боломжгүй зүйл.

Eurasia Group судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, протекционизм нь 2018 онд учирч болох геополитикийн хамгийн том эрсдэл болоод байна. Хөгжингүй орнууд худалдаагаа хамгаалахын тулд олон төрлийн арга хэмжээ авч чадах бол хөгжиж буй орнууд “худалдааны дайн”-ы улмаас хамгийн ихээр хохирол амсах магадлалтай болоод байна.

Б.Адъяахүү
 
 
 
 
 
 ​











Холбоотой мэдээ