Үндэсний гвардын цэргийн албан хаагчдыг хил хамгаалахад дайчилж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-07 14:08:43
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийн тушаалын дагуу тус улсын Мексиктэй залгаа хилийг хамгаалахад Үндэсний гвардын цэргийн тэргүүний анги салбарыг дайчилж эхэлжээ. Энэ тухай Америкийн БХЯ-ны төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

3,2 мянган км бүхий урт хилийг гвардын 4 мянга хүртэлх цэргийн албан хаагч хамгаалах аж. “Техас муж улсад Үндэсний гвардын цэргийн 250 албан хаагч 72 цагийн дотор хуваариласан газруудад хүрэх болно” гэж тус яамны албан ёсны төлөөлөгчид тэмдэглэжээ. Харин “Аризона муж улсад нэг долоо хоногийн дотор ойролцоогоор 150 цэргийн албан хаагч хил хамгаалахад дайчлагдана” хэмээн тус муж улсын амбан захирагч Даг Дьюси “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
 
Мансууруулах бодис, хориотой бараа, дээрэмчид, гэмт хэрэгтнүүд болон хууль бус цагаачид олноороо орж ирэх урсгалыг хаахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор Д.Трамп АНУ-ын Мексиктэй залгаа хилийг хамгаалахад Үндэсний гвардын цэргийн албан хаагчдыг дайчлах тухай захирамж бүхий санамж бичигт өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурсан юм.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ