Ардчилсан нам үүсэн байгуулагдсаныхаа 28 жилийн ойг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-07 16:49:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нам үүсэн байгуулагдсаныхаа 28 жилийн ойг энэ сарын 6-7-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ойн хүрээнд өчигдөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн зочид төлөөлөгчид оролцсон баярын хурал МҮЭСТО-нд болсон. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ улстөрийн илтгэл тавьж, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбооны тэргүүнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Хурлын үеэр ардчиллын төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарыг Ардчилсан намын дээд шагнал "Чингисийн одон"-гоор шагнасан юм.



Мөн өнөөдөр Үндэсний бодлогын хорооны ээлжит III хуралдаан болов. Хуралдаан 65.5 хувийн ирцтэйгээр эхэлж, Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүдийг батламжилж, шинээр сонгогдсон ҮБХ-ны гишүүдэд үнэмлэхийг гардуулав. Түүнчлэн ҮБХ-ны I, II хуралдаанаар хэлэлцсэн асуудлын биелэлтийг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойллоо.



Ойн баярын хүрээнд зохион байгуулж буй хүчит 256 бөхийн барилдаан одоо Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Б.Туул
Холбоотой мэдээ