Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-04-09 11:06:14
БЭЭЖИН. (СИНЬХУА). БНХАУ-ын улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян болон тус улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар ням гарагт уулзаж, Хятад, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцов гэж СИНЬХУА агентлаг мэдээлэв.
 
“Дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа хэдий ч нэг талыг баримтлах хийгээд хамгаалан хайцаалах бодлого газар авч, олон улсын тавцанд тогтворгүй, таагүй байдал ажиглагдсаар байна. Хятад улс хөгжиж буй хамгийн том улсын хувьд дэлхийн харилцаанд гүнзгий нэгдэн нягтарсан бөгөөд гадаад орчин маань энх амгалан, тогтвортой байгаасай хэмээн хүсдэг. Хятад улс худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, даяарчлалыг илүү нээлттэй, тэнцвэртэй, харилцан ашигтай болгохын төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах, НҮБ-ын ажилд бүтээлчээр оролцох, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна” гэж Хятадын ерөнхий сайд тэмдэглэсэн байна.
 
“Хятад улс нь олон улсын энх тайван, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд НҮБ тус улстай бүх талаар хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Даяарчлалын өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг олон улсын хамтын ажиллагаа болон олон талын оролцоотойгоор гэтлэн давах ёстой” гэж НҮБ-ын тэргүүн цохон тэмдэглэжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ