Д.Хаянхярваа: Цахим бодлого хариуцсан бүтцийн байгууллагатай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Бүлгийн гишүүдээс УИХ-ын дэргэд цахим бодлого хариуцсан болон хүчирхийллийн эсрэг бүтцийн байгууллагатай болох санал гаргасныг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Мөн зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах асуудлыг Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч ажиллахаар тогтов. Засгийн газар бондуудаа чөлөөлж, Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан учраас арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Бүлгийн хуралдаанаар Тендерийн тухай хуульд нэн яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн саналыг цөөнгүй гишүүд гаргажээ. Түүнчлэн орон нутгаас сонгогдсон гишүүдийн зүгээс төвлөрлийг сааруулах чиглэлд анхаарч ажиллах асуудлыг тогтмол ярьж байгаа. Иймд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, орон нутаг, бүх шатны удирдлагуудаас саналыг нь авч нэгтгэж танилцуулах нь.
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг авч үлдэх үү, явуулах уу гэж яриагүй. Бүлгээс “Хамгаалаад үлд” гэсэн чиглэл ч өгөөгүй. Хуулийн дагуу хэрхэн шийдэх боломжтой, тэр хүрээнд нь шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Прокурорын байгууллагаас ирүүлсэн албан бичигт Д.Гантулга гишүүнийг түтгэлзүүлэх саналыг УИХ-ын тухай хуулийн 6.9-д үндэслэсэн байгаа. Гэтэл Үндсэн хуулийн Цэц энэ заалтыг хүчингүй болгосон. Тиймээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэйг хуульчид хэлж байна” гэлээ.