Д.Цогтбаатар: Хоёр орны бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын хамтын ажиллагааг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-09 15:57:27
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлалын талаар болон хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан баримт бичгүүдийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалаас хүлээж байгаа гол үр дүнгийн талаар Та товч танилцуулахгүй юу?
-Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ дахь айлчлал амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын албан ёсны хэлэлцээ дулаан уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө. Энэ айлчлалд хоёр талаас нэлээн хугацаа зарцуулж, тал талаасаа олон түвшинд бэлтгэл яриа хэлэлцээ өрнөсний үр дүнд өндөр түвшний шийдэх асуудлуудыг харилцан тохиролцлоо. Нийт 11 баримт бичигт гарын үсэг зурав. Засгийн газрын түвшинд зурагдсан гэрээ хэлэлцээрийн нийт үнийн дүнг аваад үзвэл 450 орчим сая ам. долларын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж байна. Энэ бол манай орны эдийн засагт томоохон тус нэмэр үзүүлнэ. 
Нөгөө талаас Монгол, Хятадын бизнес эрхлэгчид уулзаж, олон чухал гэрээ хийнэ. Үүнийг энэ удаагийн айлчлалын  том амжилт гэж онцолмоор байна. Яагаад вэ гэхээр төрийн гол ажил нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих юм. Хувийн хэвшлийн үйл ажиллагаа өргөжсөнөөр ажлын байр бий болж, татварын бааз суурь тэлэх эерэг нөлөөтэй. Энэ айлчлалд зөвхөн бизнесийн төлөөлөл гэхэд 300 орчим хүн Монголоос ирж ажиллаж байгааг дурдах нь зүйтэй байх. Миний хувьд олон айлчлалд ажиллаж байсан. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй хувийн хэвшлийн төлөөлөл  айлчлал дагаж байсангүй.

-Өнөөдөр байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээнээс онцолбол?

-Засгийн газар хоорондын зурсан баримт бичгүүдэд гол дурдах дэд бүтцийн ажил бол Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж барих асуудалд Хятадын тал бүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, санамж бичиг байгууллаа. Цэвэрлэх Байгууламжийн асуудал нэлээд удаан яригдсаны эцэст ийнхүү эцэслэгдлээ. Одоо үүнийг ажил хэрэг болгох л үлдлээ.  

-Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын талаар хэлэлцээний асуудлаар баримт бичигт гарын үсэг зурсан. Гашуунсухайтын боомтын гарцыг нэмэгдүүлэх асуудал яригдсан гэж ойлгож болох уу?
 
-Хилийн боомтын асуудал мэдээж яригдаж байгаа. Хоёр улсын хоорондын худалдаа эдийн засгийн харилцаа ямар нэгэн саад тотгоргүй. Үүнд захиргааны шинж чанартай саад тотгоргүй явж байх ёстой.  Ингэж байж хоёр орны худалдаа эдийн засгийг өргөжүүлэн тэлэх боломжтой. Тиймээс энэ асуудал яригдаж хоёр талаас идэвхтэй хамтарч ажиллан, аль болох захиргааны шинж чанартай саад тотгорыг арилгах ёстой. Замын -Үүдийн боомтын тухайд харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хэдий ч хувь хүмүүс нэвтрэхэд урт дараалал үүсдэг  хүндрэл бий. Тэгэхээр энэ мэт асуудлыг аль болох хөнгөвчлөх ёстой.

-БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хоёр улсын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэж найдаж байна гэж хэллээ. Хоёр орны харилцааны хувьд ямар бодит ахиц гарна гэж харж байна вэ?

-Зөвхөн тоогоор ярихад л маш том хэмжээний мөнгөн дүн бүхий хамтын ажиллагаанууд яригдаж байна. Энэ нь Монгол Улсын хувьд томоохон хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Түншлэлийн харилцаатай орнуудын хувьд бие, биенийхээ хөгжлийг дэмжиж хамтдаа урагшлах ёстой. Энэ боломж илүү нээгдэж байна.

-БНХАУ-ын Засгийн газраас олгох 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгууллаа. Зарцуулалтын талаар шийдэлд хүрсэн үү?
 
-Олон төрлийн төсөл хөтөлбөр яригдаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд болон түрээсийн орон сууц хөтөлбөрт зарцуулагдана. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бүхэлдээ чиглэнэ гэсэн үг. Энэ нь Монгол Улсын хувьд нийгэм, эдийн засгийн хүндрэлийг давахад чухал нөлөө үзүүлнэ.

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах төслийн тухай  тодруулахгүй юу?
-Шинэ цэвэрлэх байгууламж байгуулах ТЭЗҮ бэлэн болсон байгаа. Нэлээн хэдэн төсөл бэлэн болж, үнийн дүн тодорхой болсон. Энэ үнийн дүнд БНХАУ-ын тал хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт өгөхөөр тохирлоо. Тэгэхээр одоо холбогдох яамд дахин шаардлагатай хэлэлцээг хийж гэрээ байгуулснаар төслөө эхлүүлэхээр болж байна. Хамгийн гол суурь гэрээг өнөөдөр зурлаа. 

-Маргааш болох Боаогийн чуулга уулзалтад Ерөнхий сайд оролцоно. Энэ чуулга уулзалтаас ямар хүлээлт байна вэ?

-Боаогийн чуулга уулзалтаар Ази Номхон далайн орнуудын түвшинд худалдаа эдийн засгийн харилцаагаа яаж илүү чөлөөтэй болгох вэ гэдэг асуудал дээр төвлөрнө. Дэлхийн эдийн засаг өсөх нь Монгол Улсын хувьд  ашигтай учраас энэ хуралд ач холбогдол өгч оролцож байна. ОУВС-гийн төсөөллөөр 2018 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувь өсөх хандлагатай байгаа. Энэ өсөлт  хангалттай эрэлтийг Монголын эдийн засагт бий болгож байна. Тэгэхээр хэрхэн эдийн засгийн өсөлтийг бууруулахгүйгээр улам нэмэгдүүлэх вэ гэдэгт төрийн засгийн удирдлагууд бодлогоо уралдуулж байна.

-Монгол, Хятадын бизнес форумаар зурагдах хамтын ажиллагааны баримт бичгүүдийн нийлбэр үнийн дүн их өндөр яригдаж байна. Энэ талаар?

-Энэ пүрэв гарагт болох Бээжин хотноо болох Монгол-Хятадын Бизнес Форумын үеэр хоёрын улсын хувийн хэвшлүүд цахилгаан станц байгуулах зэрэг томоохон үнийн дүн бүхий 36 орчим гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцоод байгааг албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Эдгээр гэрээг үдийн дүнгээр илэрхийлбэл нийт 4.6 тэрбум ам.доллартай тэнцэхээр байна. Энэ хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хамтын ажиллагаа өмнө нь хийгдэж байгаагүй.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ