Монголын хоккейн баг тамирчид битүү дээвэртэй өвлийн ордонтой болох цаг иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
dusem11@yahoo.com
2018-04-11 12:57:42
Монголын шайбтай хоккейн баг тамирчид “Азийн цомын тэмцээн-2018” /Asian challenge cup-2018/-д ес дэх удаагаа оролцон дөрвөн тоглолтонд гуравт нь хожиж есөн оноотой тус тэмцээний тэргүүн байрт шалгарч алтан цом, алтан медалийн эзэн болсон билээ. Өчигдөр эх орондоо ирсэн хоккейчдын төлөөлөл болох дасгалжуулагч ерөнхий дасгалжуулагч А.Мэргэн, туслах дасгалжуулагч С.Өлзийбаяр, Монголын хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр нартай уулзаж ярилцсан юм.

-Юуны өмнө манай хоккейн тамирчид өндөр амжилт гаргаж, алтан цомын эзэд болсонд баяр хүргэе. Манай хоккейчид энэ тэмцээний өмнө тэндхийн мөсөн талбайд бэлтгэл хийж амжсан уу?

-/А.Мэргэн/ Баярлалаа. Энэ жилийн хувьд манай баг тамирчид зардлын асуудлаас болж тэмцээн болох газарт урьдчилан очиж мөсний бэлтгэл хийж амжаагүй хэдий ч ийм амжилтанд хүрч чадлаа. Мөн Монголд хоккейн шигшээ баг байхгүй тул тамирчид ажлаа хийхийн хажуугаар тэмцээн уралдаанд оролцож, залуус маань ёстой бор зүрхээрээ л энэ өндөр түвшний багуудыг хожиж чадсан нь гайхамшигтай. Филиппин улс гэхэд 110 сая хүн амтай халуун орон хэдий ч битүү дээвэртэй хоккейн мөсөн талбай бүхий 4 ордонтой байна. Мөн Кувейт, Тайланд, Сингапур ч адилхан битүү дээвэртэй өвлийн спортын ордонтой. Үүнээс гадна өндөр зэрэглэлийн мэргэжлийн дасгалжуулагчийг Швед, Канад, Финланд, ОХУ-аас авсан байдаг. Харин манай тамирчид мөс хайлсан 6-7 сард бэлтгэл сургуулилт хийх боломж байхгүй. Хэрвээ өвлийн спортын ордонтой бол манай залуусын амжилт дэлхийн түвшинд хүрэх боломж байгаа нь гаргасан амжилтаас тодорхой харагдаж байна.


 
-Манай тамирчид ийм амжилт гаргаж байгаа нэг онцлог нь 1970-аад оноос хоккейн спортыг хөгжүүлж ирсэн, мөн энэ спортоор дэлхийд тэргүүлдэг манай хөрш ОХУ-ын нөлөө их байх шүү?

-/МХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр/ Тиймээ, Монголд 1970-1980-аад онд хуучин ЗХУ-ын мэргэжилтэн олноор ажилладаг байлаа. Тэр үеэс л Улаанбаатар, Эрдэнэт, Багануур, Шарын гол зэрэг газруудад орос мэргэжилтнүүд байсан. Тэд болон монголчууд мөсөн каток байгуулаад л том, багагүй хамтдаа хоккей тоглодог байлаа. Энэ сайхан уламжлал л өнөөдрийн энэ амжилтыг үзүүлэхэд их нөлөөлсөн. Оросын алдартай хоккейчдын тоглолтыг тухайн үед телевиз, зурагтаар /орбит суваг/ байнга үздэг байлаа. Одоо ч үзэж байна. Бид ахмад үеэсээ л их зүйлийг сурсан даа.
 
-Манай өмнөх үеийн хоккейчид өнөөдөр эргээд шинэ залуу үеийг төрүүлэхэд ихэд анхаарч тусалж, дэмждэг биз. Мөн БТСГ, МҮОХ-ноос хоккейн тамирчдаа дэмжин туслаж байна уу? 

-Сүүлийн жилүүдэд МҮОХ болон БТСГ-аас тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Мөн энэ жилээс “Эрдэнэс MGL” ХХК дэмжиж байгаа. Манай холбооны дэд ерөнхийлөгч Л.Ариунболд /Базальт ХХК/ гээд олон байгууллага, хамт олон, хүмүүс дэмждэг. Монголын хоккейн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажилладаг. Одоо бидний хувьд Өвлийн спортын ордонтой болох л эн тэргүүний зорилт байгаа. Өнөөдөр манай хамт олныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаж, бидэнд баяр хүргэсэн. Ерөнхийлөгч манай баг тамирчдыг бэлтгэлгүй, өвлийн ордон байхгүй ч багийн өвлийн спортын төрлөөр ийм амжилт гаргасныг өндөр үнэлсэн. Цаашид олимпод оролцох том зорилт өмнөө тавихыг биднээс хүслээ. Мөн хоккейн шигшээ багтай болж, түүндээ лигонер тоглогч авахад дэмжлэг үзүүлэхээ ч амласан. Монголдоо битүү дээвэртэй ордонтой болоход ч анхаарч, бэлэн болж байгаа төслүүдийг ажил болгох талаар Элчин сайд нартай хамтран ажиллаж байгаа, анхааралдаа авлаа гэж хэлсэнд бид баяртай байна.


-Энэ удаагийн манай баг тамирчид ямар бүрэлдэхүүнтэй явсан?

-/Туслах дасгалжуулагч С.Өлзийбаяр/: Шайбтай хоккейн баг нэг хаалгач, 5 тоглогч, нийт 6 тамирчин талбайд тоглодог. Харин сэлгээний тамирчидтайгаа нийт 25 тамирчин байх ёстой. Бидний хувьд 22-уулаа очсон. Тухйлбал, Улаанбаатараас Баласт ХХК-ийн баг, Орхоноос “Хангарьд” клубын баг, мөн Багануур, Дархан, Шарын голын баг тамирчид оролцлоо. Бидний амжилт ахиж байгаа хэдий ч ур чадвараа байнга дээшлүүлэх, тогтмол бэлтгэл сургуулилт хийх битүү дээвэртэй ордон байхгүй нь хамгийн тулгамдсан асуудал байгаа. Дараагийн шатанд дэвшин ороход энэ нөхцөл байдал бидэнд саад болж байна.
 
-Энэхүү "Asian chаllenge cup” тэмцээнд манай баг тамирчид олон жил оролцож, хамгийн дээд шагналыг нь авлаа. Ирээдүйгээ яаж харж байна вэ?

-Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг. Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн. Харин Олон улсын хоккейн холбооны заавал хангасан байх ёстой техникийн шаардлага гэж байдаг. Энэ нь тухайн улс 500 үзэгчээс дээш суудалтай Өвлийн ордонтой байх учиртай. Монголд өвлийн битүү ордон байдаггүй. Өвлийн ордонтой болчихвол ч бидний ирээдүй маш гэрэл, гэгээтэй харагдаж байгаа шүү.
Биднийг байнга дэмжиж ирсэн үе үеийн хоккейчид, ахмад үеийнхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Мөн эртнээс дэмжиж ирсэн “Ээрмэл” ХК, “Моннис” ХХК, болон “Эрдэнэт тээвэр зууч” ХХК,  Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, /Очир-Лхам/, Шарын гол ХХК /Б.Батбаатар/, “Базальт” ХХК, “Баласт” ХХК, МХХ-ны ерөнхийлөгч Б.Жавхлан, Хүндэт ерөнхийлөгч Д.Даваасамбуу зэрэг олон байгууллага, хамт олон, хувь хүмүүст баг тамирчдыхаа өмнөөс баяр хүргэхийн ялдамд, энэ амжилт бид бүхний хамтын амжилт гэдгийг онцлон хэлье.

Д.Өлзий
Холбоотой мэдээ