Аялал жуулчлалын салбарт 500 гаруй нээлттэй ажлын байр зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт 6 дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн алба, 40 гаруй аж ахуйн нэгж оролцож, 500 гаруй нээлттэй ажлын байр зарлав.
Улаанбаатар чуулгын байранд 10 дахь жилдээ болж буй тус яармагийг “Нийслэлийн Аялал жуулчлалын газар”, “Хөдөлмөр эрхлэлтийн газар”, “Залуучуудын хөгжлийн газар”, “Нийслэлийн Цагдаагийн газар”, “Монголын Оюутны холбоо” хамтран зохион байгуулав.

Жуулчны улирал эхэлж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шаардлагатай ажилтан олоход нь дэмжлэг үзүүлэх, тухайн чиглэлээр ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг түр болон байнгын ажлын байртай болгоход яармагийн ач холбогдол оршиж байгаа юм. Мөн энэ үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж байв. Оюутан цагдаа нь жуулчны идэвхтэй улирлын хугацаанд гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлах төдийгүй тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажилладаг. Түүнчлэн хөдөлмөрийн яармагт ирж амжаагүй иргэд “Нийслэлийн Аялал жуулчлалын газар”-ын www.tourism.ub.gov.mn цахим хуудсаар зочилж ажлын байрны мэдээллийг авах боломжтой юм.
Хөдөлмөрийн яармаг нь өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Хөдөлмөрийн яармаг нь өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Б.Ундармаа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр