“Амжилт бахархал 2018” арга хэмжээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-17 21:20:22
Увс /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний, лаборатори нэгдүгээр сургууль өнөөдөр “Амжилт бахархал 2018” арга хэмжээ зохион байгууллаа. Тус сургуулийн хамт олон, сурагчид энэ хичээлийн жилд масс сургалтыг сайжруулах, сурлагын амжилтыг ахиулах томоохон зорилт тавин ажилласнаар тус сургуулийн багш, сурагчид аймаг, бүс, улсын олимпиад уралдаануудад томоохон амжилтуудыг үзүүлжээ.

Тухайлбал, 2017 оны Монгол Улсын шилдэг хүүхдээр тус сургуулийн 10б ангийн сурагч Б.Мэндсайхан шалгарсан байна. Тэрчлэн, улсын хэмжээнд байгаа 41 лаборатори сургуулиас ажлын үзүүлэлтээр хоёрдугаар байр, Төрийн үйлчилгээний тэргүүний байгууллага, Эко сургууль хүрэл гэрэгэ хүртэж 4 сая төгрөгийн төсөл хэрэгжсэн зэрэг томоохон амжилтуудын эзэн болжээ. Мөн Монгол Улсын хэмжээнд 72 багш зөвлөх зэрэгтэй болсноос Увс аймагт зургаа, тэр дотроо нэгдүгээр сургуулиас гурав төржээ. Өнөөдөр тус сургуульд заах аргач багш 48, тэргүүлэх зэрэгтэй багш 41, зөвлөх багш 5 ажиллаж байна. Сайн сурагч бэлтгэхийн гол үндэс сайн багш байдаг аж.
Олон жилийн бахархам түүхтэй, Улсын тэргүүний, лаборатори нэгдүгээр сургуулийн амжилтын буухиа ийнхүү үргэлжилсээр байна. Энэ хичээлийн жилд сургалтын орчин нөхцөлдөө мөн анхаарч ажиллажээ. Тухайлбал 9.8 сая төгрөгөөр спорт авиралтын хана, 16 сая төгрөгийн төслийн санхүүжилтээр дотуур байрны гал тогоонд иж бүрэн цахилгаан хэрэгсэл, Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 7,2 сая төгрөгөөр бага ангийн байгалийн ухааны кабинетийг тохижуулсан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ.
Тус сургуульд 2546 хүүхэд суралцдаг байна.
Б.Батхүү

Холбоотой мэдээ