З.Оргил: Үхэр ачаад нисдэг Хойд Солонгосын “ИЛ-76”-ын загварыг олж авах санаатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2018-04-19 11:54:51
Дорнод/МОНЦАМЭ/ Хүүхэд ахуй наснаасаа “онгоц” цуглуулсан Зоригийн Оргилын цуглуулгаар аяллаа. Онгоц гэж “онгоцны моделиуд” юм л даа.  Маршал Хорлоогийн Чойбалсангийн нисч байсан “Маршалын цагаан”, МИАТ-ын хамгийн анхны “Боинг-727”, дэлхийн хамгийн хурдан онгоц гэгддэг “Конкорд”, Монголын хамгийн анхны тийрэлтэт онгоц “ТУ-154”, дэлхийн хамгийн том, 850 хүний суудалтай, цагт 900 км хурдалдаг зорчигч тээврийн “А-380” онгоц, Чингис бондоор авсан өнөөх үнэтэй онгоц гээд тайлбарлах зуур нь тогтоож авсан нь энэ.  
-Нэлээд хэдэн жилийн өмнө “Дорнод” сонины найман жилийн ойгоор цуглуулгаа дэлгэж байхыг чинь мэдэх юм. Түүнээс хойш нэлээн арвижсан харагдана?
-Ноднин ажилгүй гэртээ сууж байхдаа хэдэн онгоцоо тоолж үзсэн нь овоо болсон байна лээ. Одоо 80 гаруй. Жилдээ л хэдэн онгоц захиалаад нэмчихдэг юм. Зарим найз нөхөд, хамтран зүтгэгчид маань онгоц бэлэглэнэ. Удахгүй захиалгат хоёр онгоц ирэх байх. Удахгүй нөгөө Хойд Солонгосын үхэр ачаад нисдэг “ИЛ-76”-г олж авах санаа бас байна.

-Хамгийн сүүлд хэнээс “онгоц” бэлгэнд авав?
-Хэдхэн хоногийн өмнө “Итгэл ивээлт”-ийн М.Мөнхбаатар сансрын олон дахин ашиглагддаг “Шатл” хөлгийг Америкаас авчирч өгсөн. Дэлхийгээс хөөрөхдөө пуужин, буцаад буухдаа онгоц болдог аварга эд шүү дээ. Яагаав нөгөө хэдэн сайн эр дэлхийг аврахаар сансарт нисдэг “Армингтон” кинон дээр гардаг онгоц. Бас “Шинэ суваг”-ийн С.Дэлгэр Нисэхийн даргын өрөөнөөс олж ирлээ гээд нэг онгоц өгсөн. Сая шинэ жилээр Р.Зоригтбаатар дарга над руу утасдаад “Би хотод явж байна, энд хэдэн онгоц байна” гээд нэг онгоц авчирч өгсөн. Хэдэн жилийн өмнө телевиз үзээд сууж байсан чинь “Дорнод ТВ”-ээр Мэргэжлийн хяналтын Ц.Баярхүү гарч байна. Тэгсэн нь ард нь нэг онгоц байж байдаг байгаа. Гүйж очоод гуйгаад авчихсан. Тэр онгоц энэ байна. /МИАТ-ийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй том цагаан онгоцыг заав/

-Жилдээ хэд гурван онгоц захиалдаг гэж түрүүн ярина лээ. Хаана захиалдаг вэ?
-Онгоцны модель хийдэг хүмүүс бий. Тэдэнд захиалгаа өгнө. Өнөөдөр захиаллаа гэхэд жил гаруйн дараа л гар дээр ирнэ шүү дээ. Онгоц цуглуулагчдын фэйсбүүкийн нэгдэл байдаг. “Онгоц яасан бэ” гээд бие биеэсээ фэйсээр нэхэж байгаа харагддаг л юм. Бас “Улаанбаатар”, “Скай”, “Номин” гээд томоохон дэлгүүрт зардаг. “Изнис” чинь онгоцны худалдаатай байлаа ш дээ. Тэндээс бас хэд хэдэн онгоц олж авсан. Авиакомпаниуд нь татан буугдахаар онгоцны моделиуд нь ховордчихдог талтай.
-Цуглуулагчид хоорондоо онгоцны моделио солилцох уу?
-За бараг үгүй дээ. Ижил загварын онгоц илүү ширхэг байвал хоорондоо солилцохоос биш нэг их өгөлцөж авалцаад байхгүй. Дорнодод бол надаас өөр онгоцны модель цуглуулдаг хүн байхгүй. Хотод голдуу цэргийн зориулалтын танк, машин, байлдааны онгоц гээд төрөлжүүлсэн цуглуулгатай хүмүүс байдаг юм билээ.

-Нэг ширхэг онгоцны модель хэр үнэтэй байхав?
-Онгоц бүр өөр өөр үнэтэй. Овор хэмжээнээс, онгоцны загвараасаа шалтгаалдаг. Дээхэн үеийн ч юм уу, хүн илүүтэй сонирхдог байлдааны онгоц ч юм уу, тээврийн, спортын гээд онцлог бас байна.
-Хамгийн өндөр үнээр авсан нь аль вэ?
-Одоо миний энэ барьж байгаа онгоц л гэхэд 250 мянга. Мөнгөний ханшаар бодвол үүнээс үнэтэй нь ч бий.
-Онгоцнуудаа яаж хадгалж байна. Ер нь нэлээд зай талбай эзэлдэг бололтой юм?
-Зарим нэгийг нь тавиур дээрээ ил тавиад үлдсэнийг нь хайрцаглаад хадгалчихдаг юм. Би энэ моделиудаа хүүхэд байхаасаа л цуглуулсан. Бага байхад аав маань цагаан онгоцны сургалтад суухаар хот руу явсан юм. Ирэхдээ надад наадаг жижиг онгоцнууд авчирч өгч байсан. Одоогийнх шиг онгоцны модель элбэг байгаагүй, тун ховрын эд. Оросын байлдааны онгоцны загварууд гэхэд хэдхэн төрөл байдаг байсан. Тэр үеэс л цуглуулж эхэлсэн санагддаг.
-Хүүхэд байхаасаа цуглуулж эхэлсэн юм чинь амьдралын тань нандин дурсамжтай үе шингэсэн онгоц байж таараа?

-Энэ “АН-24”. Нисэх рүү явдаг замд хөшөө нь байдаг. Аавыгаа дурсаж мөнхжүүлэх зорилгоор “Нисэхийн” Юра ахын санаачилгаар тэр хөшөөг босгосон. Бас энэ “Монгол 715” байна. Аавын жолоодож байсан онгоц. Ер нь манай гэр бүлийг нисэхгүйгээр төсөөлөхөд бэрх л дээ. Ээж холбоочин, аав нисгэгч. Би хичээлээ таслаад хэзээний нисэх рүү гүйчихдэг, онгоц хараад зогсчихдог хүүхэд байсан. Ээжийнхээ хэвлийд байхаасаа ниссэн гэдэг. Би өөрөө онгоцны техникч мэргэжилтэй. Тэгэхээр бүр бага наснаас ой тойнд минь онгоц шингэчихгүй юу.

Хэдэн жилийн өмнө “Айро-Монголиа” татан буугдахдаа хамгийн сүүлийн нислэгээ Дорнод руу хийж, эндээс хөөрөхдөө нэг ч зорчигчгүй онгоц далавчаа далбилзуулан хүндэтгэл үзүүлсээр нисэхэд нь Оргилын дотор огшоод, хачин их эвгүйрхсэн гэдэг. Оргил Монголын нисэхийн түүхтэй Дорнод аймаг нарийн сэжмээр холбогдсон байдаг гээд он дарааллын нарийн тоо баримт дурдана лээ. 1925 онд Монголын анхны нисэх хүчин байгуулагдаж, 1926 онд Баянтүмэн рүү ниссэнээр Монголын агаарын замын анхны шанг татжээ. 1936 онд Дорнод аймагт Нисэх байгуулагдсан. Харин 1946 онд дайн дуусч, тайван байдалд шилжсэнээр 1956 онд МИАТ байгуулагдаж, 3 шинэ АН-2 онгоцыг нисгэхэд нэг нь Дорнод руу хөөрч байсан түүхтэй юм байна. 
Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ