Рауль огцорсон нь Кастрогийн эрин үеийн төгсгөл мөн үү?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-04-20 15:47:26
Куба улсын Төрийн Зөвлөлийн дарга, өдгөө 86 настай Рауль Кастро пүрэв гарагт болсон парламентын хуралдааны үеэр төрийн тэргүүний албан тушаалаа Мигель Диас-Канельд хүлээлгэн өгснөөр Куба орныг бараг 60 жилийн турш захирсан ах дүү Кастро нарын эрин үе төгсгөл болж байна гэж гадаадын хэвлэлүүд дүгнэн бичиж эхэллээ.

“4 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний Ассамблейн шинэ бүрэлдэхүүнийг батлах тэр үед төр засгийн тэргүүний үүргийг гүйцэтгэх миний хоёрдахь бөгөөд хамгийн сүүлчийн хугацаа дуусгавар болно” гэж Рауль Кастро хэлж байсан ёсоор үйл явдал өрнөжээ.   
 
Гэхдээ Рауль Кастрогийн албан тушаалаа хүлээлгэн өгөх үйл явц нэг л өдөр гэнэт болоогүй юм. 2017 оны 9 дүгээр сард эхэлсэн 5 сарын хугацаатай уг үйл явц энэ оны 2 дугаар сарын 23-нд дуусах ёстой байсан боловч парламентын шийдвэрээр 2 сараар сунгасны эцэст 4 дүгээр сарын 19-ний өдөр Кубын шинэ удирдагчийг тодрууллаа. Шинэ удирдагчийг “тодруулах” үйл явц хэд хэдэн үе шаттайгаар болж,  эхний шатанд тус улсын иргэд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгожээ. Хоёрдахь шатанд мужийн Ассамблей болон Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг сонгов. Харин хамгийн сүүлчийн 3 дугаар шатанд Кубын парламент шинэ ерөнхийлөгч буюу Төрийн Зөвлөлийн даргыг өчигдөр сонголоо.
 
Раулийг орлох хүн
 
Энэ хүн бол “куба хэмжүүр”-ээр идэр залууд тооцогдох, 58 настай Мигель Марио Диас-Канель Бермудес юм. Тэрбээр өмнө нь Куба улсын дэд  ерөнхийлөгчөөр /Төрийн Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга/ ажиллаж байв. Хувьсгалын “хуучин гварди”-ийн ахмад дайчдын сүүдэрт байдаг, олон нийтийн өмнө ил гарч ирдэггүй байсан инженер мэргэжилтэй, технократ үзэлтэй Диас-Канель бол хөдөөгийн намын байгууллагын даргаас дэд ерөнхийлөгч болтлоо дэвшсэн маш прагматик улстөрч ажээ.
 
Намтраас нь товч дурдваас, тэрбээр Санта-Клара хотод төрж өссөн бөгөөд 1982 онд тус хотын их сургуулийг төгсчээ. Үүний дараа 3 жилийн цэргийн алба хааж ирээд Залуу коммунистуудын холбоонд элссэн байна. Тэрбээр Санта-Клара хотын их сургуулийн профессороор ажиллаж байх үедээ Никарагуад гарсан социалист хувьсгалыг дэмжих Кубын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байв.
 
Түүний залуу насны талаарх нэгэн сонирхолтой дурсамж бий. “Битлз” хамтлагийн бишрэн шүтэгч тэрбээр үсээ урт ургуулан явдаг байсан нь намын ахмад гишүүд, албан тушаалтнуудын дургүйг хүргэж, “барууны хэв маягийг сурталчилдаг этгээд” хэмээн ад үзэгдэж байсан гэдэг. Диас-Канелийн хоёр хүүхэд нь Кубын  Polaroid гэдэг рок хамтлагт тоглож байсан аж.
 
Залуухан профессор тэрбээр 1994 онд Вилла-Клара мужийн намын хорооны даргын албыг хаших боллоо. Дарга хүн атлаа тун даруухан амьдрал ахуйтай гэж ард иргэд ярилцдаг байв. Засгаас өгсөн байшинд амьдрахаас татгалзсан намын хорооны дарга тэрбээр дугуй унаж, нутгийн айл бүрээр орж, иргэдийн санал гомдлыг уйгагүй сонсдог байжээ.


 
2003 онд Диас-Канель Кубын хувьсгалын өлгий нутаг болох Ольгин мужийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн даргаар томилогдож, тэндээ 6 жил ажилласан байна. Тухайн ондоо тэрбээр Кубын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн болжээ.
 
2009 онд тэрбээр Кубын Дээд боловсролын сайдаар томилогдсон ба уг албыг хаших хугацаандаа сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, компьютерийн технологийг сургалтад нэвтрүүлэх талаар ихээхэн зүйл хийсэн байна. Засгийн газрын хуралдаанд оролцохдоо анх удаа нөүтбүүк авчирсан нь түүний нэг “имиж” болж байв.
 
Диас-Канель 2013 онд Кубын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр үеэс л түүнийг ирээдүйд Рауль Кастрог залгамжилна гэсэн мэдээлэл цацагдаж эхэлжээ.
 
Шинжээчдийн үзэж байгаагаар, тэрбээр улс орны эдийн засгийн байдал хүндэрч, АНУ-тай харилцах харилцаанд хямрал үүссэн амаргүй үед төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэхээр болж байна. Шинэ удирдагчийн хувьд АНУ-тай харилцах харилцаагаа хэрхэн хэвийн болгох вэ гэдэг бол нэлээд төвөгтэй асуудал юм.  Дональд Трамп Ерөнхийлөгч болсноос хойш хоёр улсын харилцаа илт хүйтрэх болсон. Үүний учир нь Куба дахь Америкийн дипломатуудын эсрэг нууцлаг төхөөрөмжийн тусламжтайгаар дуу авианы долгион ашиглан халдлага үйлдсэн гэх хэрэгтэй холбоотой аж. Дипломат ажилтнуудын сонсголд нь өөрчлөлт орж, толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдсаны дараа ЭСЯ-аа түр хугацаагаар хаах шийдвэрийг Америкийн эрх баригчид гаргасан билээ.
 
Иймэрхүү зөрчил байгаа боловч Цагаан ордныхон Кубын шинэ удирдагчтай хэлэлцээ хийж эхлэх магадлал бий. Одоохондоо Америкийн дээд түвшний улс төрчид Кубын асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаагаас гадна тэд Орос, Иран, Сири, Умард Солонгосын асуудалд хамаг анхаарлаа чиглүүлээд байгаа билээ. Гэхдээ ойрын ирээдүйд америкчууд Хавана дахь ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг бүрэн сэргээж, Кубын эсрэг хоригоо зөөлрүүлж болохыг үгүйсгэх аргагүй.  
 
Түүнээс гадна, Раулийн явуулж байсан удаан, намуухан эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг түргэсгэх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах, интернэт сүлжээг ашиглах эрх зэрэг эмзэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй болж байна. Кубын нийгэм дэх дэвшилтэт үзэлтнүүд болон Кастрогийн хувьсгалт гвардийн хуучинсаг гишүүдийн хоорондын үзэл бодлын ялгааг тэнцвэржүүлэн барьж байх нь түүний хувьд нэлээд хүнд сорилт байх болно.


 
Нөгөө талаас, Диас-Канель бол Рауль Кастрогийн “баруун гар” гэгддэг учраас Кубын төрийн бодлогод томоохон өөрчлөлт гарахгүй гэж зарим ажиглагчид үзэж байна.
 
Засгийн эрхийг түүнд шилжүүлэн өгсөн нь ахмад хувьсгалчид улс төрийн тавцанг орхиж явж байна гэсэн үг биш юм. Тэд нэг хэсэгтээ л нам болон армид болж буй үйл явцыг хянах нь ойлгомжтой. Кубын хувьсгалыг гардан хийсэн коммунистуудын хувьд, засгийн эрхийг хэтэрхий удаан барьж болж болохгүй гэдгийг маш сайн ойлгож байсан. Өөрсдийнх нь хамгаалан тэмцсээр ирсэн тэрхүү үзэл санааг хэвээр хадгалах үүднээс хамгийн ихээр итгэж найддаг хүндээ засгийн эрхээ шилжүүлэн өглөө. Ийм учраас ах дүү Кастро нарын эрин үе төгсгөл боллоо гэж шууд дүгнэн хэлэхэд хэцүү. Тэгээд ч Р.Кастро 2021 он хүртэл Кубын Коммунист намын 1 дүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд хэвээр үлдэх бөгөөд энэ албан тушаал нь Төрийн Зөвлөлийн даргынхаас илүү нөлөөтэй ажээ.
 
Рауль Кастрогийн 10 жилийн шинэчлэл
 
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро өөрийн дүү Раулийг 1990 оны сүүлчээр залгамжлагчаараа тодруулснаас хойш 10 жилийн дараа буюу 2008 онд Рауль Кастро Төрийн Зөвлөлийн даргаар албан ёсоор сонгогдсон юм.
 
Засгийн эрхийг авсан даруйдаа Рауль улс орноо шинэчлэх алхмуудыг хийж эхэллээ. Гэхдээ энэхүү либералчлал нь Куба улсыг капитализмын замд оруулна гэсэн үг биш гэдгийг тэрбээр байнга онцлон хэлдэг байв.
 
Рауль Кастро шинэчлэлийг аядуу намуухнаар, болгоомжтойгоор хэрэгжүүлж, Кубын социализмыг эдийн засгийн шинэ нөхцөл байдалд тохируулах гэж хичээж иржээ. Зарим бараа бүтээгдэхүүнийг иргэдэд худалдахыг хориглосон байсныг цуцалж, төрийн өмчийн компаниудад ажиллаж буй хүмүүсийн цалинг тэгшитгэх байдлаар бус харин тэдний хийсэн ажилтай нь уялдуулан олгох уян хатан системийг нэвтрүүлж эхлэв. Фермерүүд болон хувиараа аж ахуй эрхлэгчдэд газар олгох журмыг хөнгөвчлөв.  Түүнчлэн:  
  • Рауль Кастрогийн хийсэн шинэчлэлийн үр дүнд кубачууд орон сууцаа хувьчлан авч, үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй зарж борлуулдаг болсон нь маш том дэвшил байлаа.
  • 2012 онд гадаадад зорчиход өгдөг байсан зөвшөөрлийг хүчингүй болгож, гадаад паспорттой хэн боловч хилийн чанадад чөлөөтэй зорчдог болов. 
  • Хувиараа аж ахуй эрхлэхэд тогтоосон хязгаарлалтуудыг хүчингүй болгосноор өнгөрсөн 10 жилийн хугацаанд хувиараа бизнес эрхлэгчдийн тоо 150 мянгаас 567 мянга болж өссөн байна.
  • Улс орондоо гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар Рауль Кастро маш идэвхтэй ажиллаж байлаа. 2014 онд баталсан хуулиар гадаадын компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх болж, гадаадын иргэдийн өмч хөрөнгийг хураан авахгүй гэсэн баталгааг Кубын төр гаргаж өгчээ. Үүний үр дүнд нийслэл Хавана хотоос холгүй газарт Мариэль гэдэг эдийн засгийн онцгой бүс байгуулагдаж, гадаадын компаниуд 1,1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. 
  • Куба улсын ДНБ 2006-2016 онд 53 тэрбумаас 89 тэрбум доллар болж өсөв.
Раулийн нээлттэй гадаад бодлого

Рауль Кастрогийн үед Фиделийн үетэй харьцуулахад илүү прагматик, илүү нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлж байсныг дурдах нь зүйтэй.
2014 оны сүүлчээс эхлэн Куба улс АНУ-тай харилцаагаа хэвийн болгох алхмуудыг хийж эхэллээ. 2015 оны 7 дугаар сард хоёр орон дипломат харилцаагаа сэргээж, ЭСЯ-даа байгуулав. 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад айлчлал хийлээ. Айлчлалынхаа өмнө тэрбээр Кубын эсрэг авсан хоригуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Гэвч Дональд Трамп ерөнхийлөгч болсноор хоёр улсын харилцааг хэвийн болгох үйл явц үндсэндээ мухардан зогслоо.
  • Оросын Ерөнхийлөгч В.Путин болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Медведев нартай Р.Кастро дөрвөн удаа уулзсаны үр дүнд ЗХУ-ын үед Кубын авсан 32 тэрбум долларын зээлийн өрийг 2013 онд хүчингүй болгожээ.
  • Рауль Кастрогийн үед Куба улсын олон улсын тавцан дахь нэр хүнд өслөө.  Колумбын засгийн газар болон ФАРК хөдөлгөөний босогчдын хооронд болсон хэлэлцээнд кубачууд зуучлагчаар оролцсоны үр дүнд Колумб улсад хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайн төгсгөл боллоо.
Эцэст нь дүгнэн хэлэхэд, ах дүү хоёр Кастро улс орон ард түмнийхээ төлөө асар их зүйлийг хийсэн гэдэг дээр Кубын социализмыг дэмжигчид болон шүүмжлэгчид санал нэгтэй байдаг. Аль нэгэн улс, ялангуяа АНУ-аас хараат биш байх гэсэн Кубын ард түмний хүсэл эрмэлзлийг ах дүү хоёр Кастро биелүүлснээс гадна нийгмийн харьцангуй эрх тэгш шударга тогтолцоог бий болгосон билээ. 
 
Б.Адъяахүү




Холбоотой мэдээ