Ослын газар ОБГ-ын аврах, тусгай ангийнхан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-26 10:49:36
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км, Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 6 зорчигчтой автомашин цөмрөн, 4 иргэн амь насаа алдсан бөгөөд цогцсуудыг гаргахаар ОБГ-ын аврах тусгай ангийхан хэргийн газар ажиллаж байна. 

Ослын улмаас  Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, Ханх сумын харьяат О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд гарч,  Мөрөн сумын харьяат иргэн Б /58 настай, эрэгтэй/, Мөрөн сумын харьяат иргэн М /51 настай, эрэгтэй/, Мөрөн сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/, Г /6 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд осолдсон байна. 
Ослын газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 12,  тус аймаг дахь Цагдаагийн газрын 3, нутгийн захиргааны байгууллагын 4 хүн ажиллаж байна. Мөн Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар ахлуулсан 5 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч хүч нэмэгдүүлэн өнөөдөр өглөөний  07:00 цагаас эхлэн ослын газарт ажиллаж байна.
Энэ жилийн хувьд дулаахан байсан тул Хөвсгөл нуурын ус нимгэн хөлдсөн олон тооны хар хил гарсан учраас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас иргэдийг зорчихгүй байх анхааруулга сэрэмжлүүлгийг удаа дараа өгсөөр байтал иргэд зорчсоор байгаа ажээ.
Б.Гантуяа

 
Холбоотой мэдээ