Сэтгүүлчдийг чагнаж, тагнасан гэх мэдээллийн мөрөөр шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хяналтын прокурор Г. Бясман "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна. Хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн товчхон мэдээлэл өглөө. Энэ мэдээллийн талаар тодруулбал олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийнх нь талаар мэдээ, мэдээлэл бэлтгэсэн нэр бүхий сэтгүүлч, сурвалжлагчдыг нууцаар чагнасан, тагнасан гэх мэдээлэл тарсаар байна. Уг хэргийг шалгаж байгаа гэдгийг прокурор дээрх мэдээллээр баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Мөн тэрээр, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас гэрчээр байцаалт авсан тухайд хэлэхдээ “Хуулийн этгээд хэн боловч хуульд заасны дагуу гомдол гаргаж, түүнийгээ шалгуулах эрхтэй. Иргэний гаргасан гомдлын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас гэрчээр байцаалт авсан. Гомдлын дагуу асуудлыг шалгаж байна. Ж.Батзандан гишүүн өөрийнх нь гаргасан гомдлыг шалгахгүй, нуун дарагдуулж байгаа асуудал ярьсан. Гишүүний гаргасан гомдлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тухайн үед нь шалгаад, прокуророос уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэх хуудас гаргасан. Энэ шийдвэрээ тухайн үед Ж.Батзандан гишүүнд мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй, гадаадад томилолтоор явсан байсан6 Тиймээс Засгийн газрын албан бичиг хүлээж авдаг ажилтан н.Урангоо гэх хүнд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Ж.Батзандан гишүүний гарт нь” гэж хаяглан хүргүүлсэн асуудал байдаг. Гишүүн уг асуудалтай холбоотой асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл өгөөд байгаа юм болов уу даа гэж хэлэх байна” гээд хуулийн хүрээнд өгөх мэдээллээ өглөө, бусад асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй боломжгүй гэв.
Ж.Батсайхан