Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид Ендэртийн голд гүүр тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-27 17:05:27
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Бөхмөрөн, Түргэн, Сагил, Ховд, Давст сумдын Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй 16 алба хаагчдад цэргийн анхан шатны сургалтыг явуулсан байна. Тэгэхдээ Бөхмөрөн сумын ЗДТГ-аас хүсэлт тавьсны дагуу тус сумын Гурван жигэртэй багийн нутаг дахь Ендэртийн голд нутгийн иргэдэд ашиг тустай, цаашлаад цэрэг стратегийн ач холбогдол бүхий 12 метр урт, 3 метр өргөн гүүр барьж ашиглалтад оруулжээ.
“Энэхүү гүүрийг Цэргийн алба биеэр дүйцүүлэн хаагчдаар бариулсанаар санхүүгийн болон цаг хугацаа, хүн хүчний хэмнэлтийг гаргасан чухал ач холбогдолтой ажил боллоо” хэмээн аймгийн Цэргийн штабын дарга Л.Тогтохбаяр онцоллоо.
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид нь энэ сарын 1-ээс эхлэн Бөхмөрөн сумын Цагаан түнгийн застав дээр байрлаж, цэргийн бэлтгэл сургуулилт хийсэн байна. Тэгэхдээ ийнхүү тус сумын Гурван жигэртэй багийн нутаг дахь Ендэртийн голд гүүр тавьсан аж. Одоо тус гүүрэн дээгүүр нутгийн иргэд зорчиж эхлээд байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ