Театрчилсан уншлага ба Кафка

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-04-30 19:24:20

Монголд анх удаа “театрчилсан уншлага” гэх тодотгол бүхий орчин үеийн театрын тайзнаа сонгодог зохиолын оршихуйн шинэлэг хэлбэр бий болж байна.  “Black Box”-ын хамт олон “Сартай уншлага”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулснаар энэ нь маш амжилттай болж томоохон театр судлаач, шүүмжлэгчдээс онц дүн авсан юм.

Арга хэмжээг зохион байгуулж буй “Бид театрт хайртай” ТББ-ын залуус анх удаагийн “Сартай уншлага”-даа Г.Аюурзаны “Цасны роман”-ыг онцолж сонгосон билээ. Дэлхийн долоон хэлээр орчуулагдан олон сая уншигчдийн хүртээл болоод буй уг өгүүллэгийн талаар утга зохиол судлаач, шүүмжлэгч нар сонирхолтой таамгуудыг дэвшүүлдэг нь уг романыг сонгох шалтгаан болжээ. Тиймээс энэ үеэр уншлагын төгсгөлд утга зохиол судлаач, “Гэгээн Муза” наадмын шүүгч Х.Чойдогжамц урилгаар оролцож үзэгчдэд тус бүтээлийг болоод, театрчилсан уншлага гэх орчин үеийн театрын сонирхолтой хэлбэрийг зөв өнцгөөс харахад үзэгчдэд туслах зорилгоор яриа өрнүүлж байсан билээ.



Уг арга хэмжээ нь театрын шинэ төрөл болох уншлагын хэлбэрийг Монголд анх удаа амилуулж байгаагаараа онцлогтой. Энэ нь театрчилсан тавилттай бус харин сонгогдсон зохиолыг мэргэжлийн жүжигчин уншиж танилцуулдаг орчин үеийн театрын сонирхолтой хэлбэр юм. Ингэснээрээ уншигч үзэгчид хэн нэгэн найруулагчийн хийцэнд баригдахгүйгээр өөрийн дүгнэлтийг хийх боломжийг олгодогоороо давуу талтай.

Харин энэ удаад “Сартай уншлага”-аар экзистенциалист урсгалын томоохон төлөөлөгч хэмээгддэг Франц Кафкагийн “Хувирал” туужийг онцлон сонгожээ. Өглөө сэрэхдээ үзэшгүй муухай шавьж болон өрөөндөө сэрэх Грегор Замза хэмээх залуугийн сэтгэлзүй, гэр бүлийн тухай өгүүлэх уг туужаар нийгэм, хүний оршихуй, сэтгэлийн гүнд нуугдаж байдаг харгис үнэнүүдийн талаар өгүүлнэ. Бодит болон бодит бус үйл явдлыг хослуулсан энэ тууж одоогоос 102 жилийн өмнө анх хэвлэгдсэн бөгөөд үүнээс хойш шүүмжлэгч, судлаачид хэдэн зуун эсээ, анализ бичиж, өөр өөрийн таамгийг дэвшүүлсэн байдаг. 



Өнөө цагийн утга зохиол, урлагийн тухай олон тооны шүүмж судалгааны ажил бичсэн, “Таймс” сэтгүүлийн уран зохиолын хавсралтын тоймч Саймон Бисли “Замза шавьж болон хувирснаасаа илүү ажилдаа явж чадахгүй болсондоо л санаа зовж байгааг Кафка гол дүрслэл болгон авсан юм. Хэдийгээр цаадуул нь түүнийг жигшин зэвүүцэж байвч, тэрээр гэрийнхэндээ өөрийн байдлыг ойлгуулахаар чармайна. Эцэст нь үхэж л сая зовлонгоосоо ангижрах бөгөөд гэрийнхэн нь ч санаа амарч, салхинд гарахаар хөдөө явж байна” хэмээн үйл явдлыг товчлон өгүүлсэн байдаг.

Ихэнх судлаачид урлаг гэдэг нь “Тодорхой ур чадварыг ашиглан мэдлэг мэдээллээ буулгах явц буюу бүтээгдэхүүн” гэж үздэг. Харин толь бичигт “Бусдад үзүүлж болох гоо зүйн чанартай эд зүйл, орчин, туршлагыг өөрийн ур чадвар, төсөөллөө ашиглан бүтээх” гэж тодорхойлсон байдаг. Харин орчин үеийн театрын шинэ хэлбэр болох уншлагын төрлөөр Кафкагийн “Хувирал” туужийг тайзнаа амилуулсан нь урлаг гэх ухагдахууныг дахин шинээр томьёолж чадсан нь олзуурхууштай.



“Тагтаа” паблишингийн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Тэгшзаяагийн орчуулгаар “Хувирал” туужийг Я.Билгүүнсар тайзнаа уншиж, хийлч Б.Дариймаа сонгодог виолончель хөгжмөөр хөглөж өгөв. Хийлийн дотор эмтрүүлэм гунигтай, зарим үед түгшүүр зарлах мэт өнгөтэй, эрчимтэй аялгуу нь зохиолын хэмнэлтэй нийлнэ. Энэ үед зохиолын өгүүлбэр бүр нь үзэгчдийн сэтгэл рүү гулсан орж байх шиг санагдана. Зарим үзэгчид “Хөөрхий Грегор хөгжим ойлгодог шавьж байсан хэрэг үү” хэмээн дотроо эргэцүүцэлж байх шиг нүдээ анин, огт хөдлөлгүй сууж байлаа.

Харин модерн бүжгээр Грегор Замзагийн дүрийг тайзнаа амилуулсан Ё.Дамчаабадгар тус уншлагын нэгэн өвөрмөц оршихуй болж чадлаа. Бүжигчин залуугийн хурц хөдөлгөөний биежилттэй бүжиг, биеийн товойх булчин, судас шөрмөс нь хүртэл зохиолын дүрийг тайзнаа бүрэн төлөөлж байв. Гэтэл “Хувирал” туужид Грегор хэдийн шавьж болсон ч онцгой өрнөх үйл явдлын мөчүүдэд хөдлөх гэж оролдох тэр л заагт Ё.Дамчаабадгар хөдлөж эхлэнэ. Бусад үед Я.Билгүүнсар уншлагаа үргэлжлүүлэн, хийлийн гунигтай аяз эгшиглэх ба бүжигчин залуу огт хөдөлгөөнгүй хэвтсээр байдаг.

Мөнхүү залуу уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ шавьж болон хувирдаг хөөрхий залуугийн орыг дүрсэлсэн, утсаар хэрж тогтоочихсон мэт том цагаан ор тайзан дээр байрлана. Яг утас шиг харагдах тус хэрээснүүд зохиолын дүрийн өрөвдөлтэй оршихуй, гэр бүлийнхнийх нь хэврэг харилцааг дүрсэлсэн мэт санагдаж байлаа. Зохиолыг тайзнаа амилуулан уншсан Я.Билгүүнсар өөрийн эрхгүй нүдээ гараараа даран уйлж байсан бөгөөд олон ч үзэгчид нүдэндээ нулимстай харагдав. Энэ нь зохиолыг хөгжимийн ая, модерн бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулан үзэгчдийн зүрхэнд тулгаж аваачсаны илрэл мэт байв.

Ингээд Кафкагийн “Хувирал” туужийн театрчилсан уншлага  дээр хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг бичвэрийн төгсгөлд уншигчдадаа хүргэж байна.

“Black box” театрын эзэн, “Боролдой” студийн захирал, найруулагч, зураач С.Мягмар:

“Монголд анх удаа театрын орчин үеийн шинэ төрөл болох уншлагын хэлбэрийг бий болгож амжилттай зохион байгуулж буй “Бид театрт хайртай” ТББ-ын залууст талархаж байна. Кафкагийн “Хувирал” зохиолыг энд л илүүтэй ойлгож, мэдэрлээ. Энд хүрэлцэн ирсэн залуу судлаач, театрын мэргэжилтнүүдэд талархаж байна. Оюун ухааны хэрэгцээгүйгээр улс оршдоггүй. Үүнийг бидэнд бэлэглэсэн сартай уншлагын залуустай баярлалаа гэж хэлмээр байна”.



“Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан:  

“Гэрэл гэгээгээр халгисан зохиолыг хүмүүс яагаад ч хар бараан гээд байдаг юм, бүү мэд. Жаахан уй, гаслантай л байж мэднэ. Морин хийл тэр гасланг нь яасан ч айхтар өдөөдөг юм. "Тэр хөгжим ойлгодог амьтан юм гэж үү?" Модерн бүжигчин хүү Грегор Замзаг ёстой судас шөрмөснийхөө ширхэг бүрээр тоглож байна. Билгүүнсар гэж сайхан нэртэй жүжигчин ч дотор ортол уншлаа. Үнэ цэнтэй бүтээл гэдэг цагийн цагт шинэ хэвээрээ үлдэж чаддаг”.

 

Тоймч: Б.Алтанхуяг
 
 
 
 

Холбоотой мэдээ