Татвар үйлчилж эхлэх хугацааг хойшлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-05-01 09:10:05
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн шинэ татвар үйлчилж эхлэх хугацааг 6 дугаар сарын 1 хүртэл дахин хойшлуулахаар шийдвэрлэв гэж “Wall Street Journal” сонин тус улсын Төрийн департаментын өндөр албан тушаалын түшмэлийг иш татан мэдээлжээ.
 
Дээрх түшмэлийн хэснээр, өмнө нь АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас зарласан зохих хэлэлцээрийн үндсэн дээр Өмнөд Солонгосыг уг татваруудаас байнга чөлөөлөх юм байна.
 
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр АНУ импортын ган болон хөнгөн цагаанд  25% ба 10%-ийн гаалийн татварыг тус тус ногдуулах тухай шийдвэр гаргасан юм. Америкийн төрийн тэргүүний мэдэгдсэнээр уг татвар нь удаан хугацаанд үйлчлэх аж. Аргентин, Австрали, Бразили, Канад, Мексик, Өмнөд Солонгос, Европын Холбооны гишүүн орнуудын хувьд уг татвар үйлчилж эхлэх хугацааг Цагаан ордон тавдугаар сарын 1 хүртэл хойшлуулаад байсан юм. Энэ хугацаанд АНУ эдгээр улстай яриа хэлэлцээ хийх ёстой байжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ