МЭӨ 7-3 дугаар зууны үеийн “Хүрэл морь” Говь-Алтайн музейд хадгалагдаж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-01 15:15:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейд өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ 7-3 дугаар зуунд хамаарагдах Хүрэл морины олдвор хадгалагдаж байна. Уг хүрэл морийг тус музейн мэргэжилтнүүд Жаргалан сумын нутгаас олж 1965 онд сан хөмрөгтөө авчээ. 
Хүрэл морины дүрсийг урт сайхан биетэй, гоёмсог согоо чихтэй, нүдийг нь дугариг хэлбэртэй, нэвт цоорхой, дэлийг нь нарийсган өвдөг борвины үеийг залгаатай байдлаар урласнаас гадна сүүлийг мушгин гоёсон, эргэн иржгэр хээтэй хавтгай суурин дээр ихэд бодит байдлаар бүтэн баримлаар урласнаараа онцлогтой ба 17 см өндөр, 470 гр жинтэй ажээ. 
“МЭӨ 4000-2000 жилд хүрлийг өргөн хэрэглэх болсон ба хүний нийгмийн хөгжил түүний эдийн засагт ихээхэн нөлөөлсөн бөгөөд ялангуяа дарханы урлагт ихээр ашиглах болсон байна. Хүрлийн үед хамрагдах хүрэл цутгамлууд нь тэр хүний амь зуулга болж байсан мал аж ахуйн сэдэв бүхий адуу, үхэр, тэмээ зэрэг амьтдын дүрст тээг, товруу, даруулга болон зүүлт унжлага зэрэг гоёл чимэглэлийн зүйлс манай орноос элбэг олддогийн нэг нь Хүрэл морь юм”  хэмээн тус аймгийн Орон нутаг судлах музейн эрхлэгч Ц.Оюунзул онцолсон юм. 

Түүнчлэн уг Хүрэл морийг Говь-Алтай аймгийн түүхэн дурсгал "Аймгийн есөн гайхамшиг"-ийн нэгээр өргөмжилсөн ба олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор 2017 онд Алтай хотод хөшөөг нь босгосон юм. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ