"Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр" эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-01 16:47:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг эхлүүллээ.
"Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө” үзэл баримтлалын дор мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм.  “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.



Уг хөтөлбөрийг  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээж хэлэхдээ, “Сэтгүүлчдийг мэргэшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлж сэтгүүлчдийнхээ мэдлэгийг тэлснээр тухайн бичиж буй сэдвийг даацтай болгох гол хөшүүргийг тавина гэж харж байна. Сүүлийн үед сэтгүүлчид маань клубын системээр ажиллан төрөлжиж байгаа нь сайн хэрэг. Үүнд МСНЭ дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Энэ үүргээ биелүүлэхээр  “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр эхлэж байна. Байгаль орчин, гадаад харилцаа, санхүү, эдийн засаг, хууль эрхзүй, эрэн сурвалжлах, уул уурхай, анагаах, хөдөө аж ахуй гэсэн 8 чиглэлээр сэтгүүлчийг мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулна. Хөтөлбөрт сэтгүүлчдийнхээ санал бодлыг тусгах бөгөөд дээрх чиглэлээр мэргэшсэнээр илүү бодитой задлан шинжилсэн мэдээллийг олон нийтэд түгээх юм” хэмээв.

СГЗ, Сэтгүүл зүйн ухааны доктор Б.Галаарид, “Олон нийтэд үнэн бодитой, мэргэжлийн үүднээс бэлтгэсэн мэдээ, мэдээллийг түгээхийн тулд сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь юу юунаас илүү чухал. МСНЭ энэ ажлыг үндэсний хэмжээнд эхлүүлж буй нь сайн хэрэг. Өмнөх баг хамт олон энэ асуудлыг хөндөж ирсэн. Өнөөдөр энэ ажил биелэлээ олж буйд баяртай байна. 
“Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг албажуулж, УИХ-аар батлуулчихвал илүү үр дүнтэй ажил болох юм. Сэтгүүлчид юун түрүүнд дотоод эв нэгдлээ хангаж, олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мэргэжлийн түвшинд хүргэхэд анхаарах ёстой. Сэтгүүлчид үндэсний хөтөлбөрийг урт хугацаанд түүчээлснээр нийгмийг өөрчилнө” гэлээ.



МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Ж. Батбаатар, “Сэтгүүлчийн ажил дипломоор хэмжигдэхгүй. Мэдээллийн эрин зууны их хувьсгалын үетэй бид золгоод байна. Өнөөдөр мэдээллийн хурдаас илүүтэй тухайн сэдэвт задлан шинжилгээ хийсэн, сэтгүүл зүйн стандарт хангасан мэдээллийг иргэд хүсэн хүлээж байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид нарийвчилсан, мэргэжлийн үүднээс  мэдээ, мэдээллийг  бэлтгэснээр цахим ертөнцөд түгж буй мэдээнээс ялгарна. Энэ ялгарлыг бий болгохын тулд сэтгүүлчид мэргэших ёстой. Судалгаагаар эмч, эдийн засагч, инженер, хуульчид сэтгүүл зүйн салбарт хөрвөж ажилласнаар мэргэжлийн өнцгөөс илүү хүртээмжтэй бодит  мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь тогтоогдсон. Тиймээс тухайн асуудлыг сайн мэдэж байж сэтгүүлчид хүний аманд унахгүйгээр мэдээллээ чамбай бэлтгэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа маш зөв хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нөгөөтэйгүүр цахим ертөнцтэй өрсөлдөхийн тулд сэтгүүлчид мэргэжлийн түвшинд дүн шинжилгээ хийсэн мэдээлэл хийх эринтэй нүүр тулж байна”



МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг, “Өнөөдөр маш зөв хөтөлбөрийг эхлүүлж байна. Сэтгүүлчид хүчирхэгжиж, чадавхижсанаар нийгмийг өнгөлнө. Хууль эрхзүйн орчин, тухайн асуудлаа мэдэхгүй сэтгүүлчээс ямар бүтээл гарах вэ гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр сэтгүүлчид  мэргэжлийн нэр томъёог зөв бичихээс эхлээд мэдлэг хуримтлуулж мэргэшихийг цаг үе шаардаж байна.  Тиймээс үндэсний хөтөлбөр сэтгүүлчдийг мэргэшихэд том хувь нэмэр болно гэдэгт  найдаж байна.

“Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Н.Ариунтуяа: Сэтгүүлзүйн мэргэжлийн стандартыг өргөх, ажил үүргээ гүйцэтгэж яваа жирийн сурвалжлагчдыг хөгжүүлж, мэргэшүүлэхээр үндэсний хөтөлбөрийг эхлүүлж буйд баяртай байна.  “Mongolian Mining Journal” сэтгүүлийн редакц сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор 2010 онд “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” төслийг хэрэгжлүүлж эхэлсэн.  “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” нь уул уурхай, эдийн засгийн асуудлаар сэтгүүлчдэд  шинэ мэдлэг, ойлголт өгөх замаар мэргэшүүлэхээр найман жилийг зарцуулжээ .Өнгөрсөн хугацаанд бид  сэтгүүлчдэд уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголт төлөвшүүлэх сургалтыг мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж ажилласан. Тухайлбал Хөрөнгийн зах зээлийг сурвалжлан бичих, хувьцааны мэдээлэл бэлтгэх, санхүүгийн үзүүлэлтийг “унших”, сурвалжлага нийтлэлдээ хэрхэн ашиглах, шинжээчдийн анализыг ухаж ойлгох гээд сэтгүүлчдэд тулгамддаг асуудлаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг цагийг нь олж хүргэсээр ирсэндээ баяртай байдаг. Энэ туршлагадаа үндэслэн  2015 онд орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс  Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөртэй хамтран  Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулж, сэтгүүлчдийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлсэн.

Сэтгүүлчдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжснээр, олж авсан мэдлэг, ойлголтынх нь цаана орон нутгийн иргэд бодит мэдээлэл хүлээж авах ач тусыг “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” олгож байна. Мөн бид  Менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид туршлага солилцох, залуу сэтгүүлчийг өсгөх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд энэ хөтөлбөрийн агуулга чиглэж байгаа юм. Ийнхүү“Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олон уул уурхайн салбараар сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна. Редакцийн түвшинд сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд багагүй ажил өрнүүлж болж байгаа юм чинь үүнд малгай байгууллага МСНЭ болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хүч нэгтэйгээр ажиллаж чадвал амжилт, үр дүн биднийг хүлээж байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Аливаа мэргэжилтэн номын дуу сонсож,  мэдлэгээ байнга өнгөлснөөр  ажлын бүтээмж нь нэмэгддэг. Сэтгүүл зүйн салбар шинэ орчин руу шилжиж байна. Хэвлэл мэдээллийнхний хувьд сошиал ертөнц хэмээх том өрсөлдөгч бий болсон. Цахим ертөнц хэвлэл мэдээллийнхний монополийг халсан гэж хэлж болно. Тиймээс сэтгүүлчид цахим ертөнцийн мэдээллээс өөр, илүү хариуцлагатай, дүн шинжилгээтэй, гаргалгаатай мэдээг олон нийтэд хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр болж байгаа юм. Өөрөөр хэлбэл сенсаци, энэ үй түмэн  мэдээллээс сувдыг нь түүж нийгэмд хүргэснээр  мэргэжлийн гэсэн ялгарлыг бий болгоно. Манай улс бол  эрх чөлөөтэй орон. Энэ эрх чөлөөг хэн нэгэн хумслах ёсгүй. Эрх чөлөөний манаанд зогсож буй сэтгүүлчид маань хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай байхын тулд илүү мэргэших нь зүйтэй. Монгол Улс 2005 оноос эхлэн популизм руу орсон. 10 гаруй жил Монголын хөрсөнд популизм үржлээ. Өнөөдөр тэнгэр заяат монголчууд ийм ядуу явах ёсгүй гэсэн хоосон хийрхэлээр бус зогсолтгүй хөдөлмөрийн үр шимээр бид урагшилна гэдэгт сэтгүүлчид мэдээллээ чиглүүлж 4 дэх засаглалынхаа үүргийг биелүүлмээр байна. Бид хүүхдүүддээ чи тэнгэр заяатай шүү гэж хэлдэггүй биз дээ. Хичээлдээ шамд, суралц, ингэснээр сайхан амьдарна гэдэг. Хүн бүр хичээж ажилласнаар 10 жилийн дараа бид хөгжлийн индэрт гарна гэдгийг сэтгүүлзүйн салбарынхан хүчтэй дуугармаар байна. Шашин шүтэж орой дэрээ залахаас илүүтэй хөдөлмөрлөж зүтгэсэн улс орон хөгжиж байна” хэмээн онцлов.

Ийнхүү “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр нийгэмд олон сайн үр тарина гэдгийг оролцогсод онцолж байсан юм. Дээрх хөтөлбөрийг 3-10 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг МСНЭ-ийн удирдлагууд тодотголоо.
Б.Заяа
Холбоотой мэдээ