Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-04 16:26:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сонгинохайрхан дүүрэгт оношлогдсон малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т-ийн суурь үхэрт өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэн, НОБГ, НМХГ, НЦГ, НМЭГ, СХД-ын ЭМТөвийн эмч мэргэжилтэн, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй Хээрийн штаб 30 хоног ажиллажээ.

Холбогдох хууль, дүрэм журмын дагуу хорио цээрийн дэглэмийг сахиулж халдварын голомтыг устгасан байна. Дээрх хугацаанд мал эмнэлгийн арга хэмжээнд давхардсан тоогоор 355 өрхийн 17 адуу, 5175 үхэр, 191 хонь, 116 ямаа, 4067 гахай нийт 9566 малд үзлэг, угаалга хийж 338700 м2 хашаа хороо,  364200 м2 гудамж, орчны талбай мөн устгалын голомтын 18000 м2 нийт 720900 м2 талбайг ариутгал халдваргүйтгэлд  хамруулжээ. Түүнчлэн нийт 9 цэгт 142 162 автомашиныг ариутгал халдваргүйтгэлд хамруулж ажилласан байна.

СХД-ийн Шар хөтөл, Баруун турууны Автотээврийн шалган бүртгэх товчоо болон Багануур дүүргийн АТШБТовчоо дахь Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд үргэлжлэн ажиллах юм байна.
Холбоотой мэдээ