Дайран өнгөрөх жуулчдын тоо өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-05 23:33:28
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Байгаль ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” зөвлөлгөөн болж, салбарын яам, тус аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 80 шахам иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
УИХ, Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд, аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны аялал жуулчлалын газрын дарга С.Бат-Эрдэнэ нар оролцож, аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.
-Манай аймагт сүүлийн 7 жилд ирсэн гадаадын жуулчдын тоо 8.7, дотоодын жуулчин 30,0 хувиар өссөн байна. Харин аймгийн зорин ирэх жуулчдын тоо бага харин Хөвсгөл, Өвөрхангай аймаг руу чиглэх жуулчдын урсгал их байгаа. Тиймээс дайран өнгөрөх жуулчдыг татах бренд бүтээгдэхүүнээ тодорхойлж, тоо хэмжээг нэмэгдүүлэх, үйлчилгээний чадавхийг дээшлүүлэх, гадаад дотоодын зах зээлд орон нутгаа сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж байна. Байгалийг  унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, байгалиа хамгаалахын зэрэгцээ аялал жуулчлалыг эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгохыг зорьж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Буманбаяр ярилаа.
Орон нутгийн аялал жуулчлалын бодлого, төлөвлөлт, Булган аймагт спорт аялал жуулчлал хөгжүүлэх боломж, аймгийн аялал жуулчлалын холбооноос баримталж байгаа бодлого зэрэг сэдвээр эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж санал бодлоо хуваалцсан байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ