Орос-Хятадын худалдаа эрчимтэй өсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-05-10 14:06:49
БЭЭЖИН. /ТАСС/. “Орос-Хятадын худалдааны эрчимтэй өсөлтөд тус дөхөм үзүүлэгч хүчин зүйлсийн тоо нэмэгдэхийн хэрээр хоёр улсын эдийн засгийн цар хэмжээ тэлэхэд эерэг нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийн тоо нэмэгдэж байна” гэж БНХАУ-ын худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн пүрэв гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
 
Түүний хэлснээр, хоёр улсын эрх баригчид хоёр талын талын худалдааны бүтцийг оновчтой болгоход чиглэсэн урамшууллын арга хэмжээнүүдийг хамтран авч хэрэгжүүлэх бодолтой байгаа ажээ.  
 
“Албан ёсны урьдчилсан таамаглалаар, ОХУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа ойрын саруудад эрчимтэй хөгжиж, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 100 тэрбум ам.доллараас давна” гэж Гао Фэн тэмдэглэсэн байна.
 
Хятадын гаалийн газрын мэдээ баримтаас үзвэл, энэ оны 1-4 дүгээр сард ОХУ болон БНХАУ-ын худалдааны эргэлт 27,3%-иар өсч, 31,1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Орос руу чиглэсэн Хятадын экспортын хэмжээ 21,1%-иар өсч, 13,9 тэрбум ам.доллараас давсан бол Оросын бараа, бүтээгдэхүүний импортын хэмжээ 32,8%-иар нэмэгдэж 17,2 тэрбум ам.доллар болжээ.
 
Л.Батбаяр

Холбоотой мэдээ