"Новости Монголии" сонин “Миний мэдэх Орос орон” уралдааны шилдгүүдийг тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Новости Монголии” сониноос санаачилж, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран анх удаа Орос хэлний сургалттай сургуулиудын сурагчдын дунд “Миний мэдэх Орос орон” зохион бичлэгийн уралдааныг өнгөрсөн 3 дугаар сард зарласан билээ. Тус уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдыг МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд хүлээн авч шилдэг бичлэгийн шагналыг гардуулан өгөв.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый, Монгол судлаач Юрий Кручкин, ЭСЯ-ны хэвлэлийн атташе Ксения Панкова болон МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн, “Новости Монголий” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ю.Дэлгэрмаа нарын албаны хүмүүс оролцлоо.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый, Монгол судлаач Юрий Кручкин, ЭСЯ-ны хэвлэлийн атташе Ксения Панкова болон МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн, “Новости Монголий” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ю.Дэлгэрмаа нарын албаны хүмүүс оролцлоо.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг нээж үг хэлэв.

Тэрээр "Уралдаанд идэвхтэй оролцсон нийт сурагчид болон хамтран зохион байгуулсан ОХУ-ын ЭСЯ-нд талархал илэрхийлээд “Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах үүрэг бүхий 100 жилийн түүхтэй Монголын Хэвлэл, мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг нь таван хэлээр "Монгол мессенжер", "Новости Монголии", "Мэнгу сяоши бао", "Монгору цушин", "Хүмүүн бичиг" сониныг эрхлэн гаргадаг. Мөн таван хэлээр цахим хуудас ажиллуулдаг. 71 жилийн түүхтэй "Новости Монголии" сонины нэрэмжит “Миний мэдэх Орос орон” зохион бичлэгийн уралдааныг анх удаа амжилттай зохион байгуулж байгаадаа баяртай байна. Монгол улсыг дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг тавьж өгсөн орос хэлийг бид сурсаар ирсэн, бидний хойч үе манай мөнхийн хөршийн хэлийг сайн сурч боловсорч байгаа нь энэ уралдааны явцад харагдлаа. Бид цаашид “Миний мэдэх Орос орон” зохион бичлэгийн уралдааныг улам боловсронгуй болгож, өргөн хүрээнд уламжлал болгон зохион байгуулах юм. Аугаа Пушкины хэлийг сурч буй хүүхдүүд та бүхэнд амжилт хүсье." гэв
ОХУ-ын ЭСЯ-ны яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизовын мэндчилгээг дэвшүүлж, энэхүү уралдаан хоёр орны харилцааны нэг сэжим болон өргөжихийн ерөөл тавив.
Уралдааны хөндлөнгийн шүүгч, Монгол судлаач Юрий Кручкин "Германы Канцлер Ангела Меркель орос хэл сурч байсан, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн аав, ээж орос хэл сурч байсан нь ирээдүйн ерөнхийлөгчид нөлөөлсөн зэрэг жишээ татаж, уралдаанд оролцсон сурагчдад ирээдүйд нэр алдартай хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна" гэв.
Орос хэлний сургалттай сургуулиудын 11-12 дугаар ангийн сурагчдын дунд зохиосон эл уралдаанд нийт 49 хүүхэд оролцсноос ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр сургуулийн 11-ийн "А" ангийн сурагч Н.Энхдөлгөөн нэгдүгээр байрт шалгарлаа. Шагналыг МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг гардуулан сурагч Н.Энхдөлгөөнд амжилт хүсэв.
Удаах байранд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургуулийн сурагч Н.Саран, гуравдугаар байрт “Русская гимназия” үлгэр жишээ дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ундаръяа нар шалгарсан бөгөөд шагналыг ОХУ-ын ЭСЯ-ны яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый, Монгол судлаач Юрий Кручкин нар гардууллаа.

Уралдаанд тэргүүлсэн сурагч Н.Энхдөлгөөн, “Амьдралын маань нэгэн шинэ үе эхэлж байна. Орос хэлийг 8 наснаасаа эхлэн сурсан. Энэ утгаараа орос хэл миний амьдралын нэг хэсэг болсон юм. Тэргүүн байрын шагнал хүртсэндээ сэтгэл өндөр байна” гэв.
МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын ЭСЯ-тай хамтран “Миний мэдэх Орос орон” уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Мөн тус агентлагаас гадны дөрвөн хэлээр эрхлэн гардаг сонинуудын нэрэмжит зохион бичлэгийн уралдааныг тогтмолжуулах аж. Тухайлбал “Хүмүүн бичиг” сониноос эрхлэн явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 21 дэх жилдээ зохион байгуулаад байгаа юм.
Б.Болд