Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа 50 хувиар нэмэхийг шаардаж суулт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2018-05-14 18:18:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмч эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан шаардлагын хариуг нэхэж суулт хийв. 
Энэ сарын 8-нд өгсөн шаардлагын хариуг 3 хоногийн дотор авахыг шаардсан ч энэ хугацаанд ямар ч хариу ирээгүй учир тэмцлээ үргэлжлүүлж 5 дугаар сарын 11-нээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд хэсэгчилсэн суулт хийж эхлэв. Өнгөрсөн баасан гаригт болсон суултад 3 хүн оролцсон бол өнөөдрийн суултад эмч, Эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын гишүүд, дүүргийн, 3 дугаар шатны Эмнэлгүүдийн төлөөлөл нэмэгдэв. Тэдний тэмцлийг дэмжиж БСШСУ-ын ҮЭ-ийн холбоод, Багш нарын цалин нэмэх хорооны төлөөлөл, багш, шинжлэх ухааны ажилтнуудын салбарын 80 гаруй хүн оролцов.
Энэ үеэр ЭМЯ-ны төлөөлөл ирж асуудлыг удирдлагын түвшинд уулзан ярьж ойлголцох хүсэл тавьсан боловч жагсагчид "Өмнөх жагсаалаар бид холбогдох яамтай ойлголцож ярилцахыг хичээсэн. Гэвч хүлээж аваагүй. Бид салбарын сайдтай нүүр тулж уулзаж ярилцана” гэсэн хариу өгөв.
ЭМЯ-ны төлөөлөл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй бичиг, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хариуг авчирч өгсөн боловч суултад оролцогчид хүлээж авсангүй. Монголын Эмч, эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, "Дээрх бичгүүд бидний шаардлагын хариуг хангахгүй байсан учир хүлээн аваагүй.УИХ-ын Төсвийн байнгын хорооноос бидэнд өгсөн хариу гэхэд асуудлыг судалж шийд гэсэн Сангийн яаманд явуулсан албан тоот байсан. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нарт явуулсан шаардлагын хариу ирээгүй” гэж байв.
Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд шаардлагын хариугаа бүрэн автал суултаа цаг цагаар нэмэгдүүлж байна. Өнгөрсөн баасан гаригт  хоёр  цаг суусан бол өнөөдөр 09.00-11.00 цаг хүртэл 3 цаг суулт хийв.
Б.Болд 
Холбоотой мэдээ