Ховд голоос хайрга ачихыг завдсан иргэдийг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-14 22:22:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бугат сумын төв орчим Ховд голын онцгой хамгаалалтын бүсээс 20 орчим иргэн өнөөдөр хайрга олборлохыг завдсаныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газрын улсын байцаагчид таслан зогсоолоо.

Иргэд энэхүү үйлдлээ урин цаг ирж, барилгын ажил ид өрнөсөн үед хайрга авах газаргүй болсон, Өлгий сум болон аймгийн удирдлагад сар гаруйн өмнөөс хайрга олборлох цэг тогтоож, олборлолт хийх зөвшөөрөл олгох асуудал тавьсан ч шийдвэрлэж өгөөгүй тул ийм алхам хийхэд хүрсэн хэмээн тайлбарлаж байна.

Өмнөх жилүүдэд Бугат сумын Засаг даргын захирамжаар тус сумын нутаг дэвсгэрээс хайрганы карьер нээж, тухайн сум болон аймгийн төвийн иргэд хэрэгцээгээ хангаж иржээ. Гэвч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас ирсэн шалгалтаар "сумын Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгох эрхгүй" хэмээн карьерийг хаасан байна. Хуулинд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга олгох ёстой ажээ.

Уг асуудлаар аймгийн ЗДТГ-ын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ариунцэцэгээс тодруулахад: "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсад татвар төлдөг аж ахуйн нэгжид олгоно гэж заасан байдаг. Иргэдийн хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт Найрамдал толгойн ар талаас "Хала өркени" орон нутгийн өмчит компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл олгохоор 25 га талбайг зураг зүйн шүүлтэд явуулсан. Бугат сумаас хоёр талбайг мөн шүүлтэд явуулаад байгаа. Одоо болтол хариу ирээгүй байна" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр орой Өлгий сумын ИТХ-ын чуулганаар Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох дүгнэлт ирэх хүртэл тус сумын нутаг дэвсгэр дэх тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн газраас хайрга авахыг иргэдэд зөвшөөрсөн шийдвэр гарсан байна.  

Ө.Нурболат


Холбоотой мэдээ