АНУ-ын тэргүүн хатагтай бөөрний хагалгаанд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2018-05-15 10:54:22
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп бөөрний хагалгаанд орсон тухай Цагаан ордон мэдэгджээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Мелания Трамп бөөрний үрэвслийг эрт үед нь зогсоох, хүндрэхээс урьдчилан сэргийлэх хагалгаанд АНУ-ын Мэриленд муж улсад орших Уолтер Рийдийн цэргийн төв эмнэлэгт өчигдөр орсон байна.

Хагалгаа амжилттай болсон бөгөөд ямар нэгэн хүндрэл гараагүй гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Өдгөө 48 настай тэргүүн хатагтай эмнэлэгт долоо хоног хэвтэх аж.

Нийгэм, сэтгэц болоод биеийн эрүүл мэнд ямар чухал болохыг хүүхдүүдэд ойлгуулах, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилго бүхий “Шилдэг нь бай” кампанит ажлыг Мелания Трамп өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Эхнэрээ эргэхээр явж байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ