Тусгай хамгаалалттай газарт стандартад нийцээгүй жорлон ашиглахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-17 17:10:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас Баян-Өлгий аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 30 аж ахуйн нэгжид тусгай хамгаалалттай газар нутагт стандартад нийцэхгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахгүй байхыг мэдэгджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 73 тоот тушаалаар дээр дурдсан газарт MNS 5924:2015 стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглосонтой холбоотой дээрх мэдэгдлийг хүргүүлжээ.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Алтай таван богд, Цамбагарав уул, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газар, Дэвэлийн арлын байгалийн нөөц газар зэрэг дөрвөн нутаг улсын тусгай хамгаалалтад байдаг юм. Иймд тур операторууд ирэх сараас эхлүүлэн дээрх газруудад гадаад, дотоодын жуулчдыг аялуулахдаа хөрс, ус бохирдуулахгүй нүхэн болон эко жорлон ашиглахаар болж байна.

Харин энэхүү шаардлагыг биелүүлээгүй компаниудад хариуцлага тооцож, дахин тусгай хамгаалалттай газарт нэвтрэх эрх олгохгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ