Машин ачилтын байгууллагуудыг шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-18 10:22:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тээврийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын цагдаагийн алба,  дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран  тусгай зориулалтын ачиж зөөвөрлөх автомашин, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны үйл ажиллагааг удирдамжийн дагуу шалгасан байна.

НЗДТГ, Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан,  зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхэлдэг  15 аж ахуйн нэгжийн  ачигч, чирэгч зориулалтын 49 тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулав. Шалгалтаар дээрх аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл бүрд үзлэг хийн,  техникийн бүрэн бүтэн байдал, гадна өнгө үзэмж, нэмэгдэл тоног төхөөрөмж, гэрэлтүүлэх хэрэгслийн хэвийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн иж бүрдэл, жолооч, техникийн ажилтнуудын  бичиг баримт, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хөтлөгдөж байгаа бүртгэл судалгаа, зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийг тухай бүр нэгдсэн бүртгэлийн 1800-1200 утсанд мэдээлэл өгч байгаа эсэх зэргийг үзэхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Дээрх байгууллагуудын тээврийн хэрэгслүүдээс  хамгаалалтын бүсгүй 9, утаатай 11, дугуйны хээ, боолт дутуу 3, эмийн сангийн иж бүрдэл дутуу 19, стандарт дуут дохиогүй 17, их гэрэл ажиллахгүй 5, оврын болон хажуугийн гэрэлгүй 5, хаалга гэмтэлтэй 4, өргүүрээс тос алдсан 6, урд болон хойд камер ажиллахгүй 4, замын болон шалгах механикийн тэмдэглэлгүй 2,  лого нь  стандарт бус 7, ажлын байрны галын дүгнэлтийн хугацаа дууссан 2, байгууллага  даатгалд хамрагдаагүй 3,  нөөц дугуй өргүүргүй 2, галын хоргүй 1,  шалгах механикийн шалгасан  замын хуудасгүй 5,  тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа  дууссан 2 зэрэг олон тооны  зөрчил илэрсэн байна.       Шалгалтын явцад аж ахуйн нэгжүүд зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавих зориулалттай www.its-aja.com бүртгэлийн программ, 1800-1200 дугаарын утсанд мэдээлэл өгөхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон ба энэ нь иргэдийг чирэгдүүлсэн үйл ажиллагаа болж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ