Японы буцалтгүй тусламжаар Өлгий сумын дөрөвдүгээр сургуульд их засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-18 12:52:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн санхүүжилтээр Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд  сургуулийн хичээлийн байранд их засвар хийхээр болжээ.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан өчигдөр уг асуудлаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон "Өвсний үндэс-буцалтгүй тусламжийн төслүүд" хөтөлбөрийн холбогдох хүмүүстэй Улаанбаатар хотноо уулзаж тохирчээ.

Тус сургуулийн хичээлийн байр нь 1987 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш их засвар хийгдээгүй байна. Түүнчлэн дотор халаалтын систем нь муудаж, халаах хэрэгсэл нь лаг, хаг хусамд баригдан эргэлтгүй болсноос өвөл хичээл хийхэд хүндрэлтэй болжээ.

Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр их засварын ажил удахгүй эхлэх бөгөөд хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад өгөх ажээ.

Ө.Нурболат


Холбоотой мэдээ