Хаврын баяр спорт, урлагийн наадам 16 дахь жилдээ амжилттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд 2018 оны хаврын баяр урлаг, спортын наадам тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд амжилттай болж спортын 9, урлагийн таван төрөлд 2000 орчим баг, тамирчин оролцож шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадмын онцлог нь тус наадмаас шалгарсан тамирчид ирэх наймдугаар сард болох Монголын үндэсний спортын VI наадамд оролцох ажээ.
“Хаврын баяр” урлаг, спортын наадмыг анх 2003 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар зохион байгуулж байжээ. Харин 2009 оноос эхлэн төрийн ивээлд, 2012 оноос эхлэн аймгийн Засаг даргын нэрэмжит болгон эдүгээ 16 дахь жилдээ зохион байгуулж байна.
Жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаа болсон хаврын баяр нь орон нутагт урлаг соёл, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Энэхүү наадамд 24 сумын Засаг дарга багаа ахалж оролцдог бөгөөд сум бүрийн спорт, урлагийн шилдгүүд оролцдогоороо онцлог болдог байна. Мөн багийн спортын төрлүүдэд сумууд нэгээс хоёр лигионер тамирчин оролцуулахыг зөвшөөрсөн нь наадмыг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосноос гадна орон нутгийн тамирчид тэднээс суралцах боломжийг олгодог ажээ. Ийнхүү шагайн наадгайн хос төрөлд Завханмандал сумын иргэн О.Дуламсүрэн, Ц.Лхагвасүрэн нар тэргүүлж удаах байруудад Дөрвөлжин сум, Эрдэнэхайрхан сумын багууд оржээ. Харин үндэсний бөхийн барилдаанд Завханы 24 сумаас 100 орчим бөх барилдаж уран мэхээ уралдуулжээ. Ийнхүү Улиастай сумын аймгийн Харцага П.Баярсайхан түрүүлж, Цэцэн-Уул сумын аймгийн начин Э.Шийравнямбуу үзүүрлэжээ.
Энэ жилийн үндэсний сурын харвааны тэмцээн өрсөлдөөн ихтэй болов
Энэ жил үндэсний сурын харвааны тэмцээнд 200 гаруй харваачид оролцсон нь өмнөх жилүүдээс даруй хоёр дахин их харваачид оролцсон түүхэн тэмцээн болов.
Олон харваачид оролцсон тэмцээн өрсөлдөөн ихтэй болж бие биенээ танин мэдэх, харилцан туршлага солилцох, зэрэг олон талын ач холбогдолтой болов. Ийнхүү үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын Ш.Балсэнгэ, эмэгтэй төрөлд мөн сумын Б.Аззаяа нар тэргүүлж багийн дүнгээр Тосонцэнгэл сум тэргүүлж Дөрвөлжин, Алдархаан сумын баг удаалжээ. Дашрамд энэ удаагийн сурын харвааны тамирчид чансаа, ур чадвар өндөр оролцож байгааг шүүгч нар онцолжээ. Учир нь Завхан аймгийн Засаг даргын санаачилсан үндэсний сурын харвааг орон нутагтаа өргөн хүрээнд хөгжүүлж дэлгэрүүлэх, ёс уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой 24 суманд явагдсан “Даян мэргэн” сургалтын үр дүн юм хэмээн шүүгчид сурын харвааны тэмцээний үеэр дуулгаж байв. Хасаа харвааны багийн төрөлд Улиастай сумын С.Баяндорж ахлагчтай баг тэргүүлж Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сум удаалжээ. Хасаа харвааны цувааны төрөлд Завханмандал сумын Л.Банзрагч тэргүүлж Яруу, Улиастай сумын тамирчид удааллаа.
Ширээний теннисний эрэгтэй төрөлд М.Гомбосүрэн, эмэгтэй төрөлд М.Магсүржав нар тэргүүлжээ. Шатрын тэмцээнд оролцогчид Швейцар системээр долоон өрөг тоглож шилдгүүдээ тодруулжээ. Ингээд Тэс сумын Б.Эрдэнэжаргал эмэгтэй төрөлд тэргүүлж мөн сумын М.Батболд эрэгтэй төрөлд тэргүүлжээ. Даамны тэмцээнд Идэр, Тосонцэнгэл, Завханмандал, Түдэвтэй, Баянтэс сумын тамирчид шагналт байранд оржээ.
Үндэсний лигийн шилдэг тоглогч Т.Санчир урилгаар оролцов
Энэ жилийн хаврын баярт урилгаар Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг Хасын Хүлгүүд багийн хамгаалагч, довтлогч Тунгалагийн Санчир ирж оролцсон нь сагсан бөмбөг сонирхогчдын сонирхлыг татаад зогсохгүй тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгов.
Т.Санчир нь Идэр сумын нэрийн өмнөөс тэмцээнд оролцжээ. Тэрээр 2013 онд Дэлхийн Универсад наадамд Монголын үндэсний шигшээ багт багтан, дунджаар нэг тоглолтод 28 минут тоглон, 20.8 оноо авч 5.6 удаа самбараас бөмбөг авч байв. Мөн тэрээр сагсан бөмбөгөөс гадна чөлөөт бөхөөр хичээллэж байсан байна. Ийнхүү өрсөлдөөн ихтэй сагсан бөмбөгийн тэмцээнд Б.Оюунсайхан ахлагчтай Улиастай сумын баг, эрэгтэй төрөлд Т.Санчир ахлагчтай Идэр сумын баг тус тус түрүүлж Тосонцэнгэл, Шилүүстэй, Идэр, Их-Уул сумын багууд удаалжээ. Мөн гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Идэр сумын П.Энхбаяр ахлагчтай баг, Тэс сумын Х.Дуламсүрэн ахлагчтай багууд түрүүлж Тэлмэн, Идэр, Алдархаан, Улиастай сумын багууд удаалжээ. Сагсан бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй холбогчоор Улиастай сумын Ц.Батсайхан, шилдэг довтлогчоор Их-Уул сумын Ч.Раднаасамбуу, Идэр сумын Т.Санчир нар тодорч шагнал хүртсэн байна. Харин сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг холбогчоор Улиастай сумын Ц.Мөнхзаяа, шилдэг хамгаалагчаар Шилүүстэй сумын Ж.Алтанзул, шилдэг хамгаалагчаар Тосонцэнгэл сумын О.Мөнхзаяа нар шалгарчээ.
Дашрамд дуулгахад Завхан аймгийн өсвөрийн сагсан бөмбөгчид 1964 онд Монголын Пионер сурагчдын анхдугаар спартикиадад амжилттай оролцож хүрэл медаль авч байсан. Тэгвэл 54 жилийн дараа буюу 2018 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн багш Г.Мөнхбилэг дасгалжуулагчтай баг хүрэл медаль авчээ. Мөн хэдхэн хоногийн өмнө болсон Оюутны спортын их наадмаас мөн Г.Мөнхбилэг дасгалжуулагчтай баг алтан медалийг хүртсэн амжилтыг үзүүлжээ. Гар бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй холбогчоор Түдэвтэй сумын Х.Цэрэнтогтох, шилдэг тэгш тоглогчоор Идэр сумын Ц.Баянбэрх, эмэгтэй төрөлд шилдэг тэгш тоглогчоор Идэр сумын Б.Уранбаяр, шилдэг хамгаалагчаар Тэс сумын Х.Дуламсүрэн нар тус тус тодорчээ. Ийнхүү багийн дүнгээр шилдэг сумаар Л.Баттулга даргатай Тосонцэнгэл сум шалгарч шилжин явах цомын эзэн болон бол Г.Эрдэнэбаатар даргатай Улиастай сум, Тэс, Дөрвөлжин, Идэр, Алдархаан сумууд шагналт байранд орж 24 сумаа манлайлан оролцжээ.
Б.Мягмарсүрэн