Хөвсгөл аймгийн хэмжээнд баасан гарагт "Авто машингүй" зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-23 10:05:20
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Авто машингүй өдөр 10,000 алхам" арга  хэмжээг ирэх баасан гарагт зохион байгуулна.
Тус арга хэмжээг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өглөөний 8 цаг 30 минутаас оройн 17 цаг хүртэл Мөрөн сумын төв замаар автомашингүй зорчино. Энэ өдөр төрийн болон төрийн бус байгууллага, Мөрөн сумын 14 багийн иргэд Чингүнжавын талбайгаас нар зөв баруун хойш эргэж төв дөрвөн зам, Нутгийн Аваргууд сургууль хүртэл 10,000 алхам идэвхтэй хөдөлгөөнийг хийх гэнэ.
Мөн унадаг дугуйн парад Мөрөн хотын төвөөр явж иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эдийн засагт хэмнэлттэй дугуйгаар зорчихыг уриалан сурталчлах ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ