Ч.Хүрэлбаатар: Төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болно

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-23 15:25:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулиудын шинэчилсэн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Татварын ерөнхий хууль, ААН-ийн Орлогын албан татварын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ болон эдгээр дөрвөн хуулийн дагалдаж 20 гаруй хуульд өөрчлөлт орууллаа гэв.

Тодруулбал, доорх өөрчлөлтүүдийг хийхээр болсон байна.

1.Татварын маргаан таслах тухайд олон гомдол ирсэн. Эргэлзээ төрүүлэхээр заалтуудыг цэгцэлсэн.

2. ААН-ын орлогын албан татварын 85 хувийг 398 ААН бий болгодог. Үлдэж буй 15 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 110 мянга гаруй ААН бий болгож байна. Ингээд үзэхээр татварын бааз суурь цөөхөн ААН дээр үндэслэсэн байдаг. Татварын суурийг нэмэгдүүлэх чиглэлд нэлээн олон өөрчлөлт хийсэн. Татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн бол энэ хуульд дандаа бууж өөрчлөгдөж байна.

3. ААН-ийн орлогын албан татварын хувьд 3 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд 10 хувь, түүнээс дээшээ 25 хувийн татвар төлдөг. 3 тэрбумын босгыг өсгөж 6 тэрбум болгож байна. Ингэснээр ААН-үүд томрох үйл явцыг бид нээж өгч байна. 3 тэрбумын босго дээр тулаад ирэхээр ААН-үүд хуваагддаг. Ингэснээр захиргааны зардлууд нэмэгддэг.

4. 1,5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд одоо 10 хувийн татвар төлж байна. Үүнээс  төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болно. Энэ нь 1 хувийн татвар төлнө гэсэн үг. Үүнд Ашигт малтмал, газрын тоc, согтууруулах ундаа болон тамхины салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд хамаарахгүй.

5. 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татварыг төлөх эрхийг эдлэхээр хуульд заасан. ААН-үүдийн хувьд татварын дарамт буурна.

6. Татварын тайлагналтыг энгийн болгоно. Эрдэнэт үйлдвэр ч найман нэрийн барааны дэлгүүр ч жилдээ дөрвөн удаа тайлан өгдөг байсныг болиулж байна. 50 саяас доош орлоготой ААН-үүд жилдээ нэг, 1,5 тэрбумаас доош бол хоёр, үүнээс дээш бол жилдээ дөрвөн удаа тайлан гаргадаг байхаар тусгажээ. 

Хуулийн хэрэгжих хугацаа 2019 оны 1 сарын 1 гэж үзэж байгаа аж. 
Н.Туяа
Холбоотой мэдээ