АТГ төрийн өндөр албан тушаалтны хэргийг шалгаж буйгаасаа дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-25 13:32:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-аас сар бүрийн 25-нд тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Уламжлал ёсоор 5 дугаар сард хийсэн ажлуудын талаар тус газрын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т. Баярхүү, "Гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн тодорхойгүй, зарцуулалтад тавих хяналт байхгүй, хэт үрэлгэн байгаа нь авлигын гэмт хэргийг бий болгож байна гэж үзэж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд нь төсөвт шууд дарамт учруулахгүй боловч аажимдаа эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг учир төсөвт дарамт учруулах талтай. Тухайлбал, нэг яамны хэмжээнд хэрэгжиж байгаа төслийг авч үзэхэд, 2012 оноос хойш 20 сая ам.доллар, 2015 оноос хэрэгжиж байгаа 30 сая ам.долларын ажлууд байна. Мөн 2012-2017 онд хэрэгжиж байгаа 10 гаруй сая ам.долларын төслүүдийг эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн. Төслийг хэрэгжүүлсэн явцтай танилцаж үзэхэд үр дүн, ашгийг тооцсон байдал хангалтгүй. Түүнчлэн тодорхой бодлого шийдвэргүй явагддаг нөхцөл байдал хяналт шалгалтын явцад илэрсэн.

ХОМ-ийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан 3 албан тушаалтанд хариуцлага тооцсон. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогыг үнэн зөв мэдүүлээгүй зөрчил илэрсэн. Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Бодлого төлөвлөлтийн газрын хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Гүнсэндарь нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Завхан аймгийн МХГ-ын дарга Даваадорж Авлигын эсрэг хууль зөрчсөн нь тогтоогдож, цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

2018 4 дүгээр сарын 23-наас 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ашиг сонирхлын зөрчилтэй 58 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн. Агуулгын хувьд албан тушааалын байдлаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж албан тушаалтанд тавих хориглолт хязгаарлалтыг зөрчсөн байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болон хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээллүүд дийлэнхи хувийг эзэлж байна. Зөрчил гаргасан албан тушаалтнуудад цалин бууруулах, ажлаас чөлөөлөх зэрэг хуульд заасан хариуцлага тооцох арга хэмжээ авсан. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын цэцэрлэгийн эрхлэгч, Нийслэлийн Хан-Уул дүүргийн соёлын төв ордны дарга, Хөвсгөл аймгийн Цагаануур сумын засаг даргын орлогч  зэрэг албан тушаалтнуудыг хуульд заасан арга хэмжээний дагуу шийтгэл ногдуулсан.    

Мөн 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа болсон. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны ачаалал нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн иргэн аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 85 гомдол мэдээлэл ирснээс 29 гомдолд хэрэг бүртгэлтийн мэдээлэл нээж, 27 гомдолд хэрэг бүртгэлтийн мэдээлэл нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэн шалгасан. Энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 26 хэргийн хэрэг бүртгэлтийн хэргийг  хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Одоо 318 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж байна" гэв.
Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог,"Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа хүмүүс шүүгчийн захирамжаар хоригдож байгаа. Сэжигтэн, яллагдагч нарыг Прокурорын зөвшөөрлөөр гаргаж, бичиг баримт шалгах ажиллагаа явагдсан. Энэ ажиллагааны үеэр зарим сэжигтэн, яллагдагчийг өмгөөлөгчийнх нь хамтаар байцаасан. 5 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас авчирч байцаалт авах тодорхой ажиллагаа хийсэн. Яллагдагчийг өмгөөлөгчийн хамтаар байцаасан. Хор уулгасан, залхаан цээрлүүлсэн, дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй.

Хэргийн нөхцөл байдалтай холбоотой шалгах явц нэлээд удаан хугацаагаар үргэлжлэх шаардлагатай байгаа. Мөн Д.Сугарыг Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага шалгасан бөгөөд одоо АТГ-аас дуудаж мэдүүлэг авна. Мөн З.Баянсэлэнгэ БХ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн” гэлээ. 


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ