Хорвоо дээр удаан амьдрахын тулд хэдэн цаг унтаж байх ёстой вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-05-31 12:35:33
Хэрвээ та бага унтдаг, нойр дутуу явдаг бол ямар нэгэн өвчин тусах магадлал өснө. Америкийн нойр судлаач Мэтью Уокер (Matthew Walker) өөрийн бичсэн “Бид яагаад унтдаг вэ?” гэдэг нэртэй номондоо ийм дүгнэлтийг хийжээ.
 
Хангалттай нойр авч байх нь таны амьдралыг уртасгаж чадах шидэт эм мөн. Сайн унтаж амарснаар та илүү бүтээлч болж, таны ой санамж сайжран, хоол идэх дуршил буурснаар гоолиг биетэй болно. Нойр сайтай байх нь таныг хорт хавдар болон зөнөгрөл өвчнөөс хамгаална. Мөн чихрийн шижин, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл буурдаг. Энэ тухай эрдэм шинжилгээний 17 мянга гаруй өгүүлэлд дурдсан болохыг Уокер хэллээ. Түүний дүгнэснээр, аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад түгээмэл тархсан зүрхний өвчин, таргалалт, чихрийн шижин, хорт хавдрын өвчлөл ба нас баралтын гол шалтгаанууд нь ямар нэгэн байдлаар нойртой холбоотой байдаг ажээ. 
 
“Хэрвээ та бага унтдаг бол энэ нь биеийн болон сэтгэцийн олон төрлийн өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Айдас, сэтгэл гутрал, чихрийн шижин, зүрх-судасны янз бүрийн өвчнүүд нь бүгд нойртой холбоотой” хэмээн Норвегийн Нойр судлалын төвийн /SOVno/ судлаач, Бергений их сургуулийн профессор Бьёрн Бьорватн ярьж байна. 

Тэрбээр мэргэжил нэгт америк нөхрийнхөө бичсэн номыг саяхан уншжээ. Уокерийн тодорхойлсон харилцан уялдаа нь өмнө нь хийсэн судалгаануудаар хэдийнэ тодорхой болсон бөгөөд түүний хувьд асуудлыг арай л дэгсдүүлсэн бололтой.

Энэ тухайд Норвегийн Технологийн их сургуулийн /NTNU/ эрдэмтэн Ховард Каллестад /Håvard Kallestad/ ярихдаа “Уокер бол нойр судлалын тал дээр тэргүүлэх эрдэмтэн хүн. Хэдийгээр хийсэн дүгнэлтүүд нь хэтрүүлэгтэй байж болох ч түүний бичсэн зүйлд алдаа мадаг алга” гэлээ. 

“Хүмүүс бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Нойр бол шинжлэх ухааны үүднээс судлагдаж дуусаагүй асуудал юм” гэж тэрбээр ярьж байна.

Нойр дутуу байх нь ямар нэгэн өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг, учир нь үүнтэй холбоотойгоор хүмүүсийн биеийн жин нэмэгддэг байна. Илүүдэл жин нь II хэлбэрийн чихрийн шижин болон зүрх-судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.  

“Хэрвээ та дэндүү бага унтдаг бол таны хоол идэх дуршил нэмэгдэж, амттай зүйл идэхийг маш ихээр хүсдэг болно” гэж Бьорватн ярьж байна.

Харин Уокерийн үзэж байгаагаар, хүмүүс өдөрт 6-7 цаг унтдаг байлаа ч гэсэн өвчин тусах магадлал өндөр хэвээр байдаг, харин 8-9 цаг унтах нь хамгийн тохиромжтой хугацаа гэнэ. Гэхдээ хамгийн багадаа өдөрт 8 цаг унтаж байх ёстой аж.

“Гэхдээ шөнө бүр 8 цаг унтах ёстой гэдгийг баталж нотолсон ямар ч зүйл алга. Насанд хүрэгчдийн хувьд унтах цаг нь өөр өөр байдаг. Хүн бүр орондоо ороод 8 цаг байхыг хичээдэг болчих юм бол олон хүн унтахгүйгээр зүгээр л хэвтэх болно, энэ нь нойргүйдлийг бий болгох вий гэсэн болгоомжлол төрүүлж байна” гэж Бьорватн ярилаа. 
 
АНУ-д явуулсан зарим судалгааны дүнг харвал, ямар ч гэрэл нэвтэрдэггүй тас харанхуй өрөөнд 8 цагийн турш унтах аваас хүмүүсийн ажиллах чадвар маш ихээр дээшилдэг байна. “Гэхдээ бид нар хав харанхуй өрөөнд амьдардаггүй шүү дээ” гэж Бьорватн хэлэв.

Профессор М.Уокер өөрийн бичсэн номондоо, нойр дутуу байх нь цусны даралт ихсэхэд нөлөөлдөг зүрх-судасны янз бүрийн өвчин тусах магадлалыг хэрхэн нэмэгдүүлдэг болохыг тодорхойлсон байна.  

•Нойр дутуу үед дархлааг хамгаалах үүрэг бүхий эсүүдийн үйл ажиллагаа суларснаар хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна.

• Давс болон товруу хуримтлагдах нь Альцгеймерийн өвчний эхний шинж тэмдгүүд юм. Зөнөгрөл өвчин нь даамжирч эхэлж буй хүмүүсийн хувьд тэд байнга нойр дутуу явдаг байсан нь тогтоогджээ. Хэт бага унтах нь товрууг гадагшлуулах боломжийг хаадаг байна. Ингэснээр аажимдаа мушгиа үүсч, улмаар уг мушгиа нь өөрөө өөрийгөө улам томруулдаг аж. Хэрвээ нойр сайтай байх аваас зөнөгрөл өвчинд эрт нэрвэгдэхгүй байх боломжтой гэсэн үг. 



Норвегийн Технологийн их сургуулийн профессор Каллестад-ын ярьснаар, хүмүүсийг маш бага унтахад хүргэдэг хоёр үндсэн шалтгаан байдаг аж. Орон дотроо илүү их цагийг өнгөрүүлэх боломж байвал илүү урт хугацаагаар унтах боломжтой хүмүүс байдаг. Мөн орон дотроо хэвтсэн ч гэсэн илүү удаан хугацаагаар унтаж чаддаггүй хүмүүс гэж бас бий.  Сүүлчийн бүлэг хүмүүс нойргүйдлээр шаналж байж болох юм. Тэднийг эмчлэхийн тулд зан үйлийн когнитив эмчилгээг хийснээр тэдний 60 хувь нь нойронд сайн болсон байна.
 
“Унтаж амрахад хангалттай цаг зарцуулах ёстой. Гэтэл олон хүн нойрны ач холбогдлыг дутуу үнэлдэг. Нойр бол ой санамжид маш чухал. Шинээр олж авсан мэдлэгээ шингээж авахын тулд унтах хэрэгтэй, унтаж байх үедээ бид олж мэдсэн зүйлээ боловсруулж байдаг” хэмээн Каллестад ярилаа.
 
Саяхан Норвегийн Нойр судлалын төвөөс /SOVno/ явуулсан судалгаагаар, нийт хүмүүсийн 20 хувь нь нойргүйдэх өвчинд нэрвэгдээд байгаа ажээ. Энэ бол маш их тоо юм.

“Залуу насандаа нойргүйдэлд нэрвэгдсэн хүмүүсийн тоо өсч байгааг дээрх баримт харуулж байна. Орондоо орсон хойноо цахим мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах нь залуучуудын дунд нойргүйдэл өвчнийг үүсгэж байна” хэмээн Бьорватн ярилаа.
 
Харин Мэтью Уокерийн үзэж байгаагаар, та хангалттай нойр авч чадаж буй эсэхээ мэдэхийн тул дараах хоёр асуултад хариулах хэрэгтэй гэнэ.
1.    Та өглөө эрт босчихоод 11 цагт дахиад унтаж чадах уу?
2.    Үдийн 12 цаг хүртэл идэвхтэй ажиллахын тулд та кофе уух ёстой юу?
 
Хэрвээ энэ хоёр асуултын аль нэгэнд нь “тийм” гэж хариулсан бол та дэндүү бага унтдаг, нойр дутуу явдаг гэсэн үг аж.
 
Харин Б.Бьорватн үүнийг дэндүү дэгсдүүлсэн дүгнэлт гэж үзэж байна. Түүний бодлоор, хүмүүс бид нойр дутуу байгаа эсэхээ өөрсдөө мэдэх боломжтой. “Сайн унтаж амарсан ч гэлээ танд кофе уумаар санагдаж болно. Хамгийн гол нь, маргааш өдөр нь ядаргааг мэдрэхгүй байхаар л унтаж амарч байх хэрэгтэй” хэмээн Бьорватн зөвлөлөө. 

Йорун Гордер (Jorun Gaarder)
 
Орчуулсан Б.Адъяахүү
 
Эх сурвалж: https://inosmi.ru/science/20180430/242056624.html
https://www.dagbladet.no/tema/sa-mye-sovn-trenger-du-for-at-du-ikke-skal-do-tidlig/69696539   
Холбоотой мэдээ