Манай залуу тэшүүрчид олимпийн эрхээ өвөртөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-03 10:14:56

Гүйлтийн тэшүүрийн залуучуудын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголын 2 тамирчин Залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцох эрх авч чадсан байна.

Тус тэмцээн нь Голланд улсын Горнинжин хотноо 11 дүгээр сарын 14-15-нд болсон бөгөөд 2016 оны хоёрдугаар сард Норвегийн Лиллехамер хотноо зохион байгуулах Залуучуудын өвлийн II олимпийн наадмын эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлог байв. Тус тэмцээнд дэлхийн 21 орны 16-20 насны шилдэг тэшүүрчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо. Энэ тэмцээнд дасгалжуулагч Д.Энхбаяр, ОУХМ Б.Сумьяа, Я.Зоригтбаатар нар амжилттай оролцжээ. Тэд оролцсон бүх зайдаа олимпийн нормативыг биелүүлжээ.

Мөн манай тэшүүрчид 11 дүгээр сарын 28-29-нд Германы Берлин хотноо зохион байгуулсан олимпийн эрх олгох дараагийн дэлхийн залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож, эрхээ баталгаажуулжээ.

Дашрамд дурдахад, гадаадын тамирчид тус тэмцээнд оролцохоор мөсөн талбайдаа өнгөрсөн наймдугаар сараас эхлэн бэлтгэл сургуулилтаа хийсэн бол манай тамирчид хөрөнгө мөнгөгүйн улмаас тэмцээний өмнөхөн 10 хоногийн бэлтгэлийг БНСУ-д хийсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ